ЭМЯ: БЗД-ийн эмнэлгийн 2 тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтоосон

 ЭМЯ: БЗД-ийн эмнэлгийн 2 тохиолдлын ойрын хавьтлуудыг тогтоосон

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл /2020.12.17/ хийлээ.


-Өчигдөр /2020.12.16/  нийт 10.599  хүнд шинжилгээ хийсэн. Үүнд,  таван хүнд Covid-19 илэрсэн. Бүгд Улаанбаатар хотоос илэрлээ. Халдвар авсан таван хүний гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гэр бүлийн гишүүдийн 2-3 дахь давтан шинжилгээ байна.

Хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүнээс вирус илэрсэн. Энэ хоёр хүн тус дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хариу  нь сөрөг гарч байсан. Хэвтсэнээсээ хойш 4-5 дахь хоногтоо давтан шинжилгээ хийж, Covid-19-ийн халдвар илэрсэн. Өөрөөр хэлбэл, нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг.

Цар тахлын дэгдэлтийн дараагаар эх үүсвэр нь тодорхойгүй, алаг цоог тохиолдлууд гарах эрсдэл байдаг. Тийм учраас халдвар бүртгэгдсэн даруйд шуурхай арга хэмжээ авч, ойрын хавьтлыг тогтоож, тусгаарлах нь чухал. Бид өчигдөр 18.00 цагаас хойш ойрын хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн түргэвчилсэн тест, PCR шинжилгээг хийж, хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, 171 хүний урьдчилсан PCR шинжилгээнд вирус илрээгүй. Хоёрдогч хавьтал болох 200 орчим хүнийг тогтоож, гэр гэрт нь тусгаарлаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийнэ.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 145 болж байна. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Үүнд, Сэлэнгэ 216, Дархан-Уул 45, Орхон 25, Архангай гурав, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 32 бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 923 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 470 болж байна. Үүнээс эдгэрсэн 384 хүн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 530 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 45 хүн, хөнгөн 481 хүн байна. Үүнээс ХӨСҮТ-д нийт 97 хүн эмчлүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 213 хүн байгаагаас нэг хүн маш хүнд байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 тохиолдол эмчлүүлж байна. Хан-Уул дүүргийн эмнэлэгт хөнгөн 198 хүн эмчлүүлж байгаа. Нийслэлийн дүүрэг, хороодын байршил өөрчлөгдөөгүй. Нийт 1440 хавьтал байгаагаас 906 хүн гарч, 534 ойрын хавьтал хяналтад байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд батлагдсан таван тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх өдрөөс дөрвөн тохиолдлоор нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд лабораторийн тандалтад нийт 395.731 хүн хамрагдаж, 24 цагийн хугацаанд 2600 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилчид шуурхай арга хэмжээг авч, ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн баг Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод уртын тээвэр хийдэг  195 жолоочид шинжилгээ хийж, вирус илрээгүй. Мөн найман объектын 3200 мкв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Тусгай дугаарын долоон утсанд нийт 10440 хүн хандаж, зөвлөгөө авсан.

Цайны газар, ресторан, томоохон дэлгүүрүүд олон хүн бөөгнөрүүлэх зөрчил гаргаж байна. Тийм учраас үйлчилгээний байгууллагын удирдлагууд онцгой анхаарч, ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай байна.  Иргэд хоорондын зайг баримталж, агааржуулалт сайн хийх шаардлагатай. Нэг хүн хүнсний дэлгүүр орохын өмнө жагсаалт гаргаж, дэлгүүрт 15 минутаас илүү байж болохгүй. Ойрын зайнаас хүнтэй харьцахгүй байхыг анхааруулъя. Иргэд эмнэлгийн тусламж авахын өмнө тусгай дугаарын утсаа холбогдож, эмчээс зөвлөгөө авах шаардлагатай байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлж, тус дүүргийн 100 ортой эмнэлэгт хүүхэд, насанд хүрэгчдийг хүлээн авах зохицуулалтыг хийсэн.

“ХАЛДВАР АВСАН ХОЁР ХҮНИЙ НЭГ НЬ БЗД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС ГАРСАН БАЙСАН”

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүний маршрутыг тогтоосон уу?

А.АМБАСЭЛМАА:

-Халдвар авсан хоёр хүн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн эмчилгээний “Б” корпуст хэвтэн эмчлүүлж байсан. Нэг тасагт дөрвөн хүн байсан. Нэг хүн нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтэж, 15-нд эмнэлгээс гарсан байсныг илрүүлсэн бол нэг хүн арванхоёрдугаар сарын 11-нд хэвтсэн. Тэгээд тасагтаа байж байгаад энэ сарын 16-нд бие нь халуурсан учраас давтан шинжилгээ авсан. Нэг тохиолдол нь гэртээ өвөөтэйгөө амьдардаг учраас гадуур их яваагүй.

Бүх маршрутыг орхигдуулалгүйгээр хууль хүчний байгууллагатай хамтран ажиллаж, тогтоосон. Нөгөө хүн нь эмнэлгээс гараагүй байсан учраас тухайн эмнэлгийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хавьтлуудыг тусгаарласан. Тэдний гэр бүлийн хоёрдогч хавьтлуудыг олж, ажиглан тусгаарлаж байна.

Амьсгалын замаар дамждаг цар тахлын шинэ вирус тэр бүр дарагдчихдаггүй. Ямар ч байсан 2-4 сарын хугацаанд үргэлжилдэг. Бид эхний арваннэгдүгээр сарын 12-нд Covid-19-ийн халдварыг илрүүлснээс хойш өндөр давалгаатай үеэ амжилттай давж чадсан. Бидэнд үргэлжлүүлээд ирэх хоёрдугаар сарын асуудал бий. Энд тэндээс гарч ирж байгаа халдварыг хүн амын дунд алдахгүйн төлөө голомтыг хязгаарлаж авах нь чухал. Тиймээс тухай бүрт нь мэдээллээ ил тод хэлж байх шаардлагатай.

-Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал ил задгай хаягдсан байна. Үүнд тайлбар мэдээлэл өгнө үү?

А.АМБАСЭЛМАА:

-Агаар дуслаар дамжиж байгаа Covid-19-ийн халдварын хувьд эх үүсвэрийг тогтооход бэрхшээлтэй. Тухайн иргэн халдвар авснаас хойш 14 хоногт халдвар хаанаас авсныг тогтоодог. Бид халдварын голомтод амьдарч байгаа учраас бүх хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй. Хамгийн гол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг илрүүлэх нь чухал. Халдвар хаанаас ч илэрч болно. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгаж байгаа. Одоогоор хог хаягдлаас болж, хүн халдвар авсан гэх мэдээлэл ирээгүй байна.

Холбоотой мэдээ