“ОУПХ Ж.Эрдэнэбатын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна”

 “ОУПХ Ж.Эрдэнэбатын асуудлаар шалгалтаа үргэлжлүүлж байна”

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/ хүний эрх зөрчсөн асуудлаар Монгол Улсад хэрэг үүсгэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурор асуудал оруулаагүй байхад цагдан хорьж, энэ хугацаандаа ял эдлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан байж магадгүй гэсэн үндэслэлээр ОУПХ хэрэг нээсэн. Хэрэг нээсэн тухайгаа УИХ-д мэдэгдсэн. Хэргийг судлах ажлын хэсэг гаргасныг ч мэдэгдсэн. Тиймээс холбогдох байгууллагууд энэ асуудлаар холбоотой мэдээллийг өгч байгаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг Халдашгүй байдлын дэд хороо ажиллаж байна. Энэ хэрэг ном журмаараа шийдэгдсэн эсэх, шүүхийн шийдвэр зөв эсэх нь УИХ-ын, дэд хорооны асуудал биш, шүүхийн асуудал.  Бидэнд хамаатай асуудал нь УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь УИХ-ын зөвшөөрөлгүй барьж, цагдан хорьж, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж дэд хороо, байнгын хороо үзэж байгаа. Энэ бол хувь хүний, нэг гишүүний, нэг намын асуудал биш. Энэ халдашгүй эрх нь УИХ-д байдаг.

Өнөөдөр 180 мянган төрийн албан хаагчаас халдашгүй эрхтэй 77 хүн бий. Төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байна гэдэг суурь зарчмыг хамгаалж халдашгүй эрхтэй байдаг.

Ж.Эрдэнэбатын цаана, УИХ-ын гишүүн бүрийн цаана ард түмэн байдаг, ард түмэн төр барих эрхээ эдэлж байгаад олгож буй халдашгүй байдал олгож байгаа. Халдашгүй байдлыг нь түдгэлзүүлэх эрх нь Ерөнхий прокурор тайлбарлаж, дэд хороо хэлэлцэж, УИХ олонхоороо шийддэг. Энэ тохиолдолд прокурор энэ асуудлыг оруулж ирээгүй, шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй байгаа юм. Хувь хүн гэхээс илүү ард түмэнд хадгалагдаж байгаа эрхэд халдаад байгаа  юм. Нэг намын нөхөр, найз нөхөд гэдэг утгаар байнгын хороо, дэд хороо хандаагүй. Хэн ч байсан ном журмаараа явах ёстой гtэд холбогдох байгууллагуудад тавьсан. Яг ямар үндэслэлээр энэ тохиолдолд яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал тавьсан ч одоогоор ямар нэг бичиг ирээгүй.

Шүүх УИХ-ын гишүүнд биш Ерөнхий сайдад нь холбогдуулж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг өмгөөлөгч нарт нь хэлсэн байсан. Бид энэ асуудлыг олон улсын байгууллагаас ирүүлсэн бичигт хариу өгч, холбогдох тайлбарыг авах гэж оролдож байна. Шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм болов уу гэж бодож байна. ОУПХ хэрэг үүсгэнэ гэдэг нь аль нэг улсын парламентаар, парламентын гишүүний эдэлж байх ёстой эрхийг нь ямар нэг байдлаар зөрчсөн эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, Монгол Улсад шаардлага хүргүүлнэ. Энэ өөрөө бидний хувьд их бодууштай, сургамж авах ёстой зүйл. Сая Европын холбооноос шинэ дүрэм, журмууд гарсан. Европын холбоо баталсан хуулиараа бусад улс орнуудтай эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ тавих хамгийн том шалгуур нь хүний эрхийн асуудал гэдэг хууль баталсан. Өөрсдийнх нь гаргасан тайлбараар олон улсын суурь хэр хэмжээ, гэрээ пактууд зөрчсөн бол Европын холбоо тусламж дэмжлэг байх эсэх, харилцаа хумигдах эсэхийг бид өөрсдөө шийднэ гэсэн үг.  Европын холбоо мэдээж ОУПХ-ын дүгнэлтийг харгалзаж, шийдвэр гаргах байх.

Холбоотой мэдээ