СЭЛЭНГЭ I 24 настай залуусаас 2-3 дахь шинжилгээгээр ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

 СЭЛЭНГЭ I 24 настай залуусаас 2-3 дахь шинжилгээгээр ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэчүүд бид тайвширч, анхаарал, болгоомжоо сулруулж болохгүй гэдэг нь Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн өчигдөр, өнөөдрийн мэдээллээс тодорхой харагдаж, ойлгогдож байгаа байх.

Өнөөдрийн шинээр илэрсэн 2 тохиолдол 24 настай залуучууд, Сүхбаатар сумын 3-р багийн иргэд байна. Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, бидний тусгаарлалт, хяналтад авсан байсан иргэдээс ийн 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. 

Иргэд та бүхэн, тэр дундаа сүхбаатарчууд илүү их сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах, бусад сумдын иргэд Сүхбаатар сум руу замын хөдөлгөөнд оролцохгүй байх, нийт иргэд Мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг мөрдөх, шаардлагыг биелүүлж байж бид вирусын тархалтыг зосгоож, 0 гэсэн тоог олон өдрөөр үргэлжлүүлнэ гэдгийг иргэн бүр ухамсарлах хэрэгтэй.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн явагдаж байна. Аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 99 иргэн тусгаарлах байранд хяналтад байна.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст санал, хүсэлтээ хүргүүлж, шийдвэр гаргуулснаар Сүхбаатар, Алтанбулаг сумдад ирээд, хөл хорионд орсон Улаанбаатар болон бусад орон нутгийн иргэдийг орон нутаг руу нь буцаах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ ажил өнөөдөр ч мөн үргэлжлэн явагдаж байгаа тул та бүхэн Авто тээврийн газарт хандаж, зорчих хөдөлгөөндөө оролцох боломжтой.

Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн иргэдийн шилжилт, хөдөлгөөний тухайд Улаанбаатар хот руу 207 иргэн бусад аймгууд руу 23 иргэн, аймаг дотроо 27 иргэн шижилт хөдөлгөөн хийж, Сэлэнгэ аймагт 228 иргэд ирсэн мэдээтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байгаа тул энэ хоёр сумын иргэд урьдын адил гэр, гэртээ байж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж, мөрдөх үүргээ биелүүлээрэй. Иргэд та бүхэн хувийн болоод гэр бүлийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ