Улаанбаатар, Сэлэнгэ, Дорноговьд Covid-19 халдварын таван тохиолдол бүртгэгдлээ

 Улаанбаатар, Сэлэнгэ, Дорноговьд Covid-19 халдварын таван тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.12.15) мэдээллээ хийлээ. Өчигдрийн байдлаар нийслэл, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай,  Орхон, Дорноговь аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ аймагт таван хүнээс халдвар илэрч Монгол Улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 912, дотоодынх 459 болсон юм. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Сүүлийн 24 цагт таван  хүнээс Covid-19 халдвар илэрч  Монгол Улсад батлагдсан  тохиолдол 917, дотоодын халдвар 464 боллоо. Халдвар илэрсэн таван хүний хоёр нь нийслэлд, Дорноговь аймагт 1, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт  Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон,  Архангай аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Covid-19 халдварын батлагдсан тохиолдол  Улаанбаатарт 140, Сэлэнгэ 215, Дархан-Уул 45,  Орхон 25, Архангай 3, Говьсүмбэр 4, Дорноговьд 32 тохиолдол байна.  Эмчлүүлж байгаа 524 хүний 450 нь хөнгөн, хүндэвтэр 68, хүнд тав, маш хүнд 1 хүн бий. 

Covid-19 халдварын үед илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдэг нь ханиад туссан үед илэрдэг шинж тэмдэгтэй ижилхэн байна. Тухайлбал, хуурай ханиалгах, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, нусгайрах, халуурах , ядрах, жихүүдэс хүрэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарлах, эмчид хандах хэрэгтэй. Сүүлийн 3-4 хоногт нийслэлд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.  Ойрын хавьтал болж эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс  халдвар илэрч байна. 1100 орчим ойрын хавьтлаас 800 орчимыг нь хянаж дуусаад эмнэлгээс гаргасан бол 540 ойрын хавьтлыг хянаж байгаа.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хэмжээнд халдвар гэр бүлийн хүрээнд ихээр тархаж байна. Олон улсын судалгаагаар хосууд халдвар бие, биеэсээ авах нь их байна гэсэн. Дэлхийн түвшинд голч нь 10 байхад манай орны хувьд  гэр бүлийн гишүүдийн халдварлалтын  индекс 10-66 байна гэсэн үг. Энэ нь мэдээж өндөр үзүүлэлт. Тиймээс гэртээ  хоёр  цаг тутамд  10 минут агааржуулалт хийх хэрэгтэй.  Гэртээ гаднаас хүн урихгүй байх, өөрсдөө айл хэсэхгүй байх, гэр бүлийн гишүүд ч гэсэн 1.5-2 метрийн зайг баримтлах нь зөв. Үүнээс гадна өглөө оройдоо давс, сода, нимбэгний уусмалын аль нэгээр ам, хоолойгоо 3-5 удаа зайлах хэрэгтэй. Эхний тав хоногт сода, дараагийн тав хоногт давсны уусмал зэргээр ээлжлэх ёстой. Covid-19 халдвар нь агаар, амьсгал, ахуйн хавьтал гэсэн гурван замаар  дамждаг.  ААН байгууллагын хүрээнд болон нэг ажлын байран дээр ээлжилж ажилладаг хүмүүст халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймээс бүх албан газрууд ажилтнуудаа цахимаар ажиллах боломжийг хангах хэрэгтэй. Халдварын голомтыг богино хугацаанд барьж чадсан орнууд ажлын байрны бөөгнөрөл үүсгэхгүй, ажилчдыг богино хугацаанд ажиллуулах, хүн хоорондын зай барих, бүх төрлийн үйчлилгээг хүргэлтийн хэлбэрт шилжүүлснээр үр дүнгээ өгч байна.

Холбоотой мэдээ