ЭМЯ: Улаанбаатар, Дархан, Архангайд Covid-19 илрээгүй

 ЭМЯ: Улаанбаатар, Дархан, Архангайд Covid-19 илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.12.14) мэдээллээ хийж байна.


Өчигдөр (2020.12.13) нийт 8574 хүнд шинжилгээ хийснээс таван хүнээс Covid-19 илэрлээ. Эдгээр таван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 912, дотоодынх 459 болов.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Шинээр бүртгэгдсэн таван тохиолдол Сэлэнгэ аймагт бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 213 боллоо. Ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан буюу гэр бүлийн хүмүүсийн 2-3 дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа. Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Амьсгалын замын халдвар томуу, томуу төст өвчний дэгдэлттэй Сovid-19 давхцаж байгаа тул ямар нэгэн амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нээж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж, эрүүл мэндийн тандалт хийх, ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл буцаах, гэрээр ажиллах боломжтой бол цахимаар ажиллах зэрэг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 519 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд 1, хүндэвтэр 5 хүн байгаа бол хүндэвтэр 75, хөнгөн 438 хүн байна. Халдварын голомтод ойрын хавьтлын 1186 хүнээс 685 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ.

АЛБАН КОНТОРЫН АЖИЛЧИД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИХ ЁСТОЙ

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын долоон утсанд 8208 хүн хандаж, эрүүл мэндийн зөвлөмж авсан. Манай улсын хувьд хязгаарлалтын арга хэмжээ авч байгаа. Амны хаалтыг албан газрууд болон гадуур зүүх хэрэгтэй. Албан конторын ажилчид хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалт зүүх хэрэгтэй. Мөн цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ажилчдын гуравны хоёр нь цахимаар ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдэд ханиалгасан шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүх шаардлагатай.

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ ЦААШИД ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

УОК-ын шийдвэрээр арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр товлосон байсан. Гэвч иргэдийн хүсэлтээр Франкфурт рүү нэмэлтээр дахин нислэг үйлдэхээр болж, нийт дөрвөн удаагийн нислэг товлоод байна.

Энэ сарын 17-нд Франкфурт рүү нислэг товлосон. Урьдчилсан байдлаар 720 гаруй иргэн эх орондоо ирнэ. Арванхоёрдугаар сарын нислэгээр 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүнд нөхцөлд орсныг Элчин сайдын яамандаа мэдэгдээд байв. Энэ хүрээнд гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийзийг нь худалдан авч өгөх, тусгаарлах байрны зардлыг нь даах зэрэг зохицуулалт хийхээр энэ сард төлөвлөсөн.

Цаашид тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлнэ. Монгол Улсаас гадаад улс руу зорчих хүсэлтэй урт хугацааны визтэй иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, тусгай үүргийн нислэгээр зорчих боломж олгож байна.

Арваннэгдүгээр сараас хойш Япон улсад суралцах, ажиллах виз авсан 1200 иргэнийг Токио руу хүргэх ажлыг зохион байгуулна. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 19, 20-нд нислэг үйлдэхээр товлоод байна. Арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Японоос иргэдээ татахдаа гуравдагч улсаар дамжин АНУ, Австралиас эх орондоо ирэх иргэдийг татах зохицуулалт хийж байгаа юм.

БНХАУ-д зорчих хүсэлтэй, тус улсын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн асуудал яригдаад удаж байна. Тус улсаас хилээр нэвтрүүлэх иргэдийн асуудал хойшлогдож байгаа. Гэхдээ энэ асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамтай ярилцаж байна.

Мөн БНСУ-аар транзит хийх хоригтой холбоотойгоор тус улсаар болон тусгай үүргийн нислэгээр гуравдагч улс руу дамжин нисэх хүсэлтэй иргэдийн зорчих боломжтой чиглэлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ сарын 25-нд Сөүл рүү хийх нислэгээр гуравдагч орон луу зорчих хүсэлтэй иргэдийн мэдээллийг МИАТ компани нэгтгэж, БНСУ-ын талтай ярилцаж, дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байна.

ГХЯ-ны Консулын дарга Л.Мөнхтүшигийн мэдээлснээр, Замын-Үүд рүү нэвтрэх тээврийн жолоочдын тоог нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж, давтамжийг нэмэхээр төлөвлөжээ.

ГААЛИЙН АЖИЛТНЫ ОЙРЫН ХАВЬТЛЫН 200 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Амгалан гаалийн газрын ажилтнаас халдвар илэрсэн гэх мэдээллийг өмнө нь өгч байсан. Тухайн иргэн хаанаас халдвар авсан болохыг тогтоосон уу? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

А.АМБАСЭЛМАА: Амгалан гаалийн ажилтан болон хүүгээс нь Сovid-19 илэрсэн. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Монгол Улс халдварын голомт бүхий хэд хэдэн бүстэй болсон. Ялангуяа Улаанбаатар хот болон зургаан аймаг халдварын голомтоор бүртгэгдээд буй. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт халдварын томоохон голомт үүссэн, дэгдэлтүүдийн дараа Сovid-19 алаг цоог байдлаар өвчлөл бүртгэгдэх тохиолдол бий. Цар тахлын хэмжээнд хүрсэн шинэ вирус нь амьсгалын замаар дамжих тул хаанаас ч халдвар гарах эрсдэл өндөр. Тиймээс халдварын нууц үеийн 14 хоногийн хугацаанд хяналт тавих, дахин 14 хоногт олон хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй газруудад тандалт явуулах шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд Амгалан гаалийн ажилтнаас Сovid-19 илэрсэн. Тухайн хүний ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойрын болон хоёрдогч хавьтлын 200 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Үүнээс гаалийн 150 гаруй ажилтнаас Сovid-19 илрүүлэх шинжилгээ авахад сөрөг гарсныг тодотгоё. Халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

-ХӨСҮТ-д томографикийн аппарат байдаггүй гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

А.АМБАСЭЛМАА: ХӨСҮТ-д томографиктай. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг хянах, батлагдсан тохиолдлыг эмчлэх үеэс рентген, томографикаар өвчтөнүүдийг хянаж, дараагийн шатны сувилалд шилжүүлж байгаа юм.

Covid-19-ийн оноштой иргэн эдгэсэн тохиолдолд ямар аргаар тодорхойлдог вэ? Ямар тохиолдолд эдгэсэн гэж үзэх вэ?

А.АМБАСЭЛМАА: Өвчтөнийг эдгэрсэн гэж үзэх ДЭМБ-ын шалгуурууд байдаг. Энэ дагуу эдгэрсэн өвчтөнүүдээ гаргаж байна. Эмнэлзүйн шинж тэмдэг эдгэж, дахин илрэхгүйгээр гурав хонох, дахин вирус ялгаруулахгүй байх, рентгенд уушги эрүүлжих зэрэг бүх стандарт эмчилгээг хийсний дараа ХӨСҮТ-өөс гаргаж байна.

-Улаанбаатараас орон нутгийг зорихоор шинжилгээ өгсөн ч хариу нь гараагүй хичнээн иргэн байна вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэхгүй юү?

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Улсын хэмжээнд Улаанбаатар хотоос орон нутгийг зорих хүсэлтэй 378.687 иргэн PCR шинжилгээ өгөхөөр хандсан. Өнөөдрийн байдлаар 380.229 хүн шинжилгээ өгч, бүгд сөрөг гарсан байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодоор 1771 иргэн гарсан бол хот руу 2062 иргэн нэвтэрчээ.

Холбоотой мэдээ