ЭМЯ: ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас дахин халдвар илэрчээ

 ЭМЯ: ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас дахин халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.10) мэдээллээ хийж байна. Өчигдрийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол нийслэлд 128, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 31, Орхон аймагт  25, Говьсүмбэрт 4, Сэлэнгэд 207, Архангай аймагт 3 тохиолдол тус тус батлагдаад байгаа юм. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Нийслэл хотод таван тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлын давтан шинжилгээнээс илэрчээ. Харин үлдсэн ганц  халдварын тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагчаас илэрсэн байна. Улмаар нийслэл хотод халдварын батлагдсан нийт тохиолдол 132 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад аймгуудад халдвар нэмж илрээгүй. 

Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 898 байгаагаас дотооддоо халдвар авсан нь 447 байна. Эдгэрсэн 384, эмчлэгдэж буй 505 хүн байгаагаас биеийн байдал хөнгөн 414, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд нэг хүн байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт халдварын 12 тохиолдол эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна.

Нийслэл хотод ойрын хавьтлын 1306 хүн тусгаарлагдсанаас 383 хүний ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалт руу шилжүүлсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 543 хүн хийлгэсэн бол гурав дахь давтан шинжилгээг 340 хүн хийлгэсэн байна. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хамгийн ихээр хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна. Насны хувьд гурван сартай хүүхдээс 91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байна.

ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Дэлхий дахинд Covid-19-тэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн орнуудын жишээг танилцуулдаг. Өнөөдөр Сингапур улсын арга хэмжээг танилцуулна. Тус улсын хувьд халдварын эсрэг гурван үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, нэгдүгээр үе шатанд Засгийн газар, яамд хилийн хяналтыг сайжруулж, гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарласан. Хоёрдугаарт, дотооддын халдвар гарсан учраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн. Халдварын голомтыг таслан зогсооход хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зай барих дүрэм журмыг гэртээ ч хатуу баримталсан. Гуравдугаарт, өвчин голомтлож гарсан, олон хүн цуглардаг газарт өргөн хэмжээний тандалт хийсэн. Хүн хоорондын зай барих нь халдварын гинжин хэлхээг таслах гол арга юм. Нэг халдвартай хүн дунджаар дөрвөн хүнд, зарим тохиолдолд найман хүнд халдвар тараадаг. 30 хоногийн дараа гэхэд 2800-3200 хүн халдвар авах эрсдэлтэй. Харин 1.5-2 метрийн зай барьснаар халдвар авах эрсдлийг бууруулдаг.

Холбоотой мэдээ