ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

 ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.16) мэдээллээ хийлээ.


ЭМЯны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Өчигдрийн 17.00 цагаас хойш шинээр гурван тохиолдол нэмэгдсэн. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 431 боллоо. Нийслэл хот болон Сэлэнгэ аймагт Covid-19-ийн багц тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байна. ХӨСҮТ болон Зооноз өвчин судлалын үндэсний төвд 1918 хүнд шинжилгээ хийхэд 758 хүний сорьцод халдвар илрээгүй. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг өнөөдөр 17.00 цагт танилцуулна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 1818 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван хүний шинжилгээнд Covid-19 халдвар илэрсэн, 1815 хүнд халдвар илрээгүй. Тодруулбал, аравдугаар сарын 26-ны өдөр Будапештийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээ, “Энхсаран” сувиллын үйлчлэгчийн шинжилгээнд халдвар илэрсэн. Харин арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 172 хүний шинжилгээ, аравдугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 70 хүний шинжилгээ, Дорнод аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 67 хүний шинжилгээ, Дархан-Уул аймагт тандалтын зорилгоор цуглуулсан 138 хүний шинжилгээ, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 52 хүний шинжилгээ, нийслэлд тандалтын зорилгоор цуглуулсан 111 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан арван эмч, нэг ажилтны шинжилгээнд тус тус халдвар илрээгүй.

Улаанбаатар хотын халдварын голомтод өчигдөр ойрын хавьтал болох 107 хүнд, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19 халдвар илрээгүй. Жолооч Д-ийн халдварын голомтод батлагдсан есөн тохиолдол бий. Өнгөрсөн хугацаанд ойрын 2753 хавьтагчид шинжилгээ хийсэн байна. Covid-19 халдварын шинжилгээ өгөх боломжтой 11 цэгээс цуглуулсан 909 хүний сорьцод ЗӨСҮТ шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Сэлэнгэ аймгийн нэгдүгээр хавьтлын шинжилгээнд нэг халдвар шинээр нэмэгдсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдвар дөрвөн тохиолдол боллоо. Аймаг, нийслэлд тандалт судалгаа үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд Covid-19  халдварын нийт батлагдсан тохиолдол 431. Үүнээс 328 эдгэрсэн бол ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан зургаан хүн байна. ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 20, хөнгөн 75 хүн байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Тэсо” корпорацийн хоёр ажилтны шинжилгээ эерэг гарсан гэх мэдээлэл байна?

-“Тэсо” корпорацийн хоёр ажилтны шинжилгээ сөрөг гарсан. Covid-19 батлагдсан тохиолдлын хүний гэр бүлийн хүн тус корпорацид ажилладаг. Тиймээс дээрх хүн нь ойрын хавьтал биш, гурав дахь хавьтал учраас Төв аймагт тусгаарлан шинжилгээ авсан. Өнөөдөр шинжилгээний хариу нь сөрөг гарсан.

-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл хэдээс хэдэн насныхан давамгайлж байна вэ?

-Насны хувьд дөрвөн настай хүүхэд нэг, 10-13 настай хүүхэд хоёр, 70 настай нэг хүн, бусад нь 30-43 насны хооронд байна. Сэлэнгэ аймгаас ирсэн 70 настай хүний биеийн байдал хүнд байсан боловч өнөөдрөөс бие нь сайжирч байна.

-“Энхсаран” сувиллын 45 хүн халдвар авсан нь тогтоогдсон гэсэн. 44 болох хүртэл нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ?

-“Энхсаран” сувилалд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Түүний дараа халдварын  багц шинжилгээ хийхэд 24 хүнээс халдвар илэрч, бүртгэгдсэн учраас хол болон ойрын хавьтлын нийт 61 хүнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Тусгаарлалтад байсан учраас хугацаа алдаагүй. Арваннэгдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл 45 тохиолдол илэрсэн. Бид арваннэгдүгээр сарын 6-наас урагш 14 хоног хөөгөөд, тухайн сувилалд байсан тээврийн жолооч нарын хойноос очиж шинжилгээ авсан. Тэдний гурав нь хотод, үлдсэн гурав нь Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт бий. Эдгээр хүмүүсийн анхны шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн багц халдварын ойрын хавьтал болох 288 хүнийг илрүүлэн, тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Эхний 73 хавьтлын 50 хувийг гурав дахь давтан шинжилгээнд оруулахад Covid-19 илрээгүй. Үргэлжилсэн давтан шинжилгээ хийгдэнэ. Үүнээс гадна хоёрдогч хавьтлын 5000 гаруй хүн бий. Эдгээрт мөн шинжилгээ хийгдэнэ.

Гэхдээ 14 хоног хүртэл давтан шинжилгээнд Covid-19 илрэх боломжтой. Тиймээс хөл хорионы энэ үед ойрын хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах байр болон ХӨСҮТ-д тусгаарласан. Хоёрдогч хавьтлуудын зарим нь гэртээ тусгаарлагдсан. Дахин давтан шинжилгээ хийнэ. Covid-19-ийн эсрэг эмнэлгийн байгууллагын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ олон улсын жишгийн дагуу явж байна.

-Эмчилгээнд шаардлагатай эм тарианы хүрэлцээ хэр байна вэ?

Эм  тарианы нөөц одоохондоо хангалттай бий. Өнгөрсөн хугацаанд хэрэв халдвар дотооддоо гарвал нийт хүн амын хэдэн хувьд халдварлах боломжтой талаар нарийвчилсан судалгаа хийсэн. Тиймдээ ч эм тарианы хангамж, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ зэргийг нарийн тооцсон.

 –Covid-19 нь мал, амьтнаар дамжин халдварлах боломжтой юу?

-Covid-19 гэрийн тэжээвэр амьтдаас хүнд халдах боломжтой эсэх талаарх судалгааг олон улсад хийж байна. Ялангуяа өнгөрсөн 4-5 сард Сингапур, АНУ-д гэрийн тэжээвэр муур халдвар тараасан тохиолдлууд гарсан. Тиймээс гэрийн тэжээвэр амьтадтайгаа алсын зайнаас харьцах, тухайн хүнд Covid -19-ийн шинж тэмдэг илэрвэл гэрийнхээ амьтдаас өөрийгөө тусгаарлах, амны хаалтаа зүүх зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Гэхдээ олон улсад гарын арван хуруунд багтахуйц цөөхөн тохиолдол бүртгэгдсэн.

Холбоотой мэдээ