А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Эмоци продакшны тоглолт үзсэн байна

 А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Эмоци продакшны тоглолт үзсэн байна

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс Эрүүл мэндийн сайд болон салбарын мэргэжилтэн, эрдэмтдэд танилцуулж, санал солилцлоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрээр  “Бид эхний ээлжид Улаанбаатарт бүртгэгдсэн голомтын ойрын хавьтлын 73 хүнийг тусгаарлаж шинжилгээнүүдийг хийж байгаа. Шинжилгээнээс халдвар илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 255 болсон. Бид хариу арга хэмжээгээ ДЭМБ-ын удирдамжийн дагуу 24-48 цагийн дотор хавьтлуудыг тогтоож шинжилгээ хийж ажиллаж байна. Бид халдварын тархалтыг хяналтдаа авахын тулд 2, 3 дугаар хавьтлуудыг хяналтдаа авч тусгаарлаж байгаа. Хамгийн айж байгаа зүйл бол өчигдөр батлагдсан тохиолдлын ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос нь халдвар илэрсэн. Ингээд хавьтлуудыг тогтоохоор сургуулиар явж хавьтлуудыг тусгаарлаад байна. Түүнчлэн энэ хүн нь Эмоци продакшны тоглолтыг үзсэн байгаа. Халдвар батлагдсан оюутнууд маршрутаа худлаа хэлсэн учир тагнуул, цагдаа мөрдөж, маршрутыг тогтоосон байгаа. Эдгээр оюутнууд нь цайны газар, караокед болон ойрын харилцаанд орсон гэх мэт асуудлууд гарсан учир эрсдэлтэй гэж үзэн анхаарлаа хандуулж ойрын хавьтлуудыг олж шинжилгээ хийсэн. Илэрсэн 9 хүний тухайд эхний тохиолдолдоо шинжилгээ сөрөг гараад давтан шинжилгээн дээр гурван тохиолдол нь илэрсэн. Ойрын хавьтлуудын эхний шинжилгээнээс хэдийгээр халдвар илрэхгүй байгаа ч хавьтлуудаас гарах эрсдэл байгаа учир хатуу хөл хориог ХӨСҮТ-өөс 14 хоног сунгах хүсэл гаргасан байгаа” гэдгийг онцлон хэллээ.

Холбоотой мэдээ