‘Хүчит шонхор’, ‘Таван-Эрдэнэ’ захуудыг 20 сая төгрөгөөр торгов

 ‘Хүчит шонхор’, ‘Таван-Эрдэнэ’ захуудыг 20 сая төгрөгөөр торгов

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас худалдааны төв болон эмийн сангуудад зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх шаардлага хүргүүлж буй. Хэрэв үнээ нэмсэн зөрчил гаргасан тохиолдолд иргэнийг 2 сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн анхааруулга хүргүүлжээ. Энэ дагуу худалдааны төв, эмийн сан, хүнсний дэлгүүрүүдэд үе шаттайгаар хяналт тавьж эхэлсэн билээ.

Тус газраас өчигдөр (2020.11.11) хүнсний зах, худалдааны төвүүдэд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шалгалт явуулж, арга хэмжээ авсан байна. Тодруулбал, “Хүчит шонхор” захад килограмм нь 6500 төгрөгийн үнэтэй махыг 8500 төгрөгөөр борлуулж байсан зөрчлийг арилгуулжээ. ШӨХТГ-аас нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оруулахгүй байгаатай холбоотойгоор тус захын худалдаачид “Орон нутгаас мах нийлүүлээгүй” гэсэн худал тайлбар өгсөн байна.

Мөн “Таван эрдэнэ” захад махны үнийг зохиомлоор нэмсэн зөрчил гарчээ. Иймд зөрчил гаргасан хоёр аж ахуйн нэгжид тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. Түүний хэлснээр, ШӨХТГ-т өчигдрийн байдлаар махны үнэ нэмэгдсэн 260, маскны үнэ нэмэгдсэн 165, гурил, будаа өндөгний үнэ нэмэгдсэн 30, бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаарх 25 гомдол, мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Иргэдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдсэнтэй холбоотойгоор “Хар хорин” захын тухай 60 гомдол, “Хүчит шонхор” захын тухай 46, Дэнжийн мянгад зах 30, Бөмбөгөр худалдааны төвийн тухай 12, Орхон худалдааны төвийн тухай 5 гомдол, бусад жижиг дэлгүүр, эмийн сантай холбоотой нийт 98 гомдол бүртгэгдсэн байна. Мөн худалдааны төвүүдээс гадна хүнсний дэлгүүр, супермаркет, эмийн сангууд үнийн хөөрөгдөл үүсгэсэн тул өнөөдөр холбогдох албаны хүмүүс хяналт тавих ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн