УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа

 УОК: Алтанбулаг боомтыг хоёр сар хаах санал гаргалаа

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. Тэрбээр “Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. ОХУ-тай хил залгаа Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтуудад холбогдох албаны гурван ажлын хэсэг ажилласан. Сая Улсын онцгой комиссын хуралдаанаар гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Ингээд эрсдлийг үндэслэж, ОХУ-тай хиллэж байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хоёр сарын хугацаанд хаах саналаа Засгийн газрын хурлаар маргааш оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэр гаргалаа.

Алтанбулаг боомтоор орж ирсэн нийт 40 орчим тээврийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрсэн. Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд 20 орчим тээврийн жолоочоос халдвар илэрлээ. Эдгээрээс гурван жолооч нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан. Нийтдээ үлдэж буй 37 жолоочийг тэр холоос авч ирж, ХӨСҮТ-д эмчлэх нь халдвар хамгааллын байдал алдагдах эрсдэлтэй учраас Алтанбулаг боомтын ачаа тээврийн хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргалаа. Тэнд ажиллаж байгаа алба хаагчдын өвлийн хамгаалалтын хувцаснаас авахуулаад тээврийн жолооч нарын эрсдлийг бууруулахын тулд хоёр сарын хугацаанд ачаа тээврийн төмөр замаар тээвэрлэж, сэлгэж ачих талаар ярилцаж байна. Энэ нөхцөл байдал өргөн хэрэглээний үнэд нөлөөлөхгүй байх үүднээс судалгаа хийж Алтанбулагийн боомтод бүс байгуулж, тэндээсээ ачааг сэлгэж ачих, төмөр замаар тээвэрлэнэ. Улсын хэмжээнд нефтийн 30 хоногийн нөөц байгаа. Одоогоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гаригийн зохицуулалттайгаар нээнэ.  Боршоо  боомт дээр 30 орчим нефтийн бүтээгдэхүүн ачсан машин ирээд буй. Үүнийг хилийн төлөөлөгчдийн хэлэлцээрээр оруулж ирснээр баруун бүсүүдэд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй байх тооцоо судалгааг хийсэн. Хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаан болгоноор хэлэлцэж байгаа. Энэ дагуу салбар яамнаас ажиллаж байгаа. Монгол Улс өндөгний импортын нийт 94 орчим хувийг ОХУ-аас Алтанбулаг боомтоор оруулж ирдэг.

Алтанбулаг боомтоор орж, гарч буй иргэдийн хөдөлгөөнийг хаагаагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хурлаар гаргана. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Ульхан, Боршоо боомтуудыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор гаригийн зохицуулалттайгаар сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээврийг нэвтрүүлж байх зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн