Өмнөговь аймагт сургууль, цэцэрлэгийг хаав

 Өмнөговь аймагт сургууль, цэцэрлэгийг хаав

Өмнөговь аймгийн хэмжээнд  өнөөдөр /2020.10.20/ сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг Онцгой комиссоос нь гаргажээ.

Мөн цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийг зөвхөн эцэг, эхчүүдэд хүлээлгэж өгөх, иргэдийг хол явахгүй байхыг анхааруулж, малчдад сэрэмжлүүлэг тараахаар болжээ.  Тус аймгийн хэмжээнд салхины хүч эрс нэмэгдэж, цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөөнөөс эхлэн Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Цаг агаарын улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн байна.

Мөн Авто тээврийн үндэсний газраас өнөөдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх арга хэмжээ авч эхэлжээ.

Цаг уур орчны шинжилгээний газар өчигдрөөс /2020.10.19/ эхлэн цаг агаар эрс хүйтэрч, аюултай үзэгдэл болж болзошгүйг сэрэмжлүүлж эхэлсэн. Цаг агаарын мэдээллээр өнгөрсөн шөнө Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурахаар байгаа. Мөн Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулсан билээ.

ЖОЛООЧ НАРТ ӨВЛИЙН ДУГУЙТАЙ ЗОРЧИХ ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙНА

Цаг агаарын гэнэтийн үзэгдлийн улмаас орон нутгийн чиглэлд зорчиж буй жолооч нар хувийн бэлтгэлээ базаагаагүйн улмаас цасанд сууж боогдох тохиолдол цөөнгүй. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр өнөөдрийн байдлаар орон нутагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийх, эрсдэлтэй гэж үзсэн зам даваа, гүвээний зорчих хэсэгт хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Тус албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Пүрэв-Очир хэлэхдээ “Өнөөдрөөс эрс хүйтэрсэн тул нийслэлд замын хөдөлгөөн удаашралтай байна. Тээврийн цагдаагийн  алба хаагчид 21 аймагт цасан шуурганы улмаас хаагдаж болзошгүй зам даваа, зорчих хэсэгт хяналт тавьж ажиллаж байна. Орон нутагт өнөөдрийн байдлаар дотооддоо зорчих хэсгийн урсгал хэвийн байна.

Хэрэв цаг агаарын нөхцөл байдал хүндэрвал шаардлагатай тохиолдол замын зорчих хэсгийг хаана. Мөн нийслэл болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж, жолооч нарт өвлийн дугуйтай орон нутгийн чиглэлд зорчих шаардлага тавьж байна” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр жолооч нар өвлийн дугуйгаа сольж амжилгүй зуны дугуйтай, хувийн бэлтгэлгүй орон нутагт зорчсоны улмаас цасанд боогдох тохилдол цөөнгүй гэдгийг санууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн