​Монгол Улс Европын холбооны ‘саарал жагсаалт’-аас гарчээ

 ​Монгол Улс Европын холбооны ‘саарал жагсаалт’-аас гарчээ

АНУ, Их Британи, ОХУ болон БНХАУ-ын төлөөлөл бүхий дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “FATF”-ийн газар дээрх шалгалтын баг өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын мөнгө угаах, терроризмын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд шалгалт хийгээд буцсан.

Харин Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр өөрийн хувийн твиттер хаягаар дамжуулан “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав” гэж мэдэгдсэн юм. Уг мэдэгдлийн дараагаар нийгэмд Монгол Улс Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу “FATF”-ийн саарал жагсаалтаас албан ёсоор гарсан гэх ойлголт үүссэн.

Тэгвэл Монгол Улс одоогоор “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын хяналтын жагсаалт”-аас хараахан мултраагүй байгаа бөгөөд энэ сарын сүүлээр товлогдсон “FATF”-ийн Ерөнхий хуралдаанаар манай улсыг саарал жагсаалтаас хасах эсэх албан ёсны шийдвэр гарах  хүлээлттэй байгаа билээ. 

Харин Европын холбооны албан ёсны вебсайтад мэдээлснээр тус холбооны Сангийн сайд нар аравдугаар сарын 6-нд цахим хэлбэрээр хуралдаж, эдийн засагт учруулж буй цар тахлын нөлөөллийн эсрэг 750 тэрбум еврогийн нэмэлт хөтөлбөр гаргах, Европын Төв банкны гүйцэтгэх зөвлөлийн шинэ гишүүдийг томилох, дижитал санхүүжилт болон Европын холбооны “Татварын асуудлаар хамтарч ажилладаггүй орнуудын жагсаалт”-д улс орон нэмж, хасах асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ үеэр Европын холбооны Сангийн сайд нар Ангилла, Барбадос улсыг “Татварын асуудлаар хамтарч ажилладаггүй орнуудын жагсаалт” буюу олон улсын санхүүгийн байгууллагуудын нэрлэдгээр Европын холбооны хар жагсаалтад нэмж, Кайманы арлууд, болон Оманыг хасчээ. 

Харин Монгол Улсыг Босни Херцеговений хамтаар Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтад байлгах “саарал жагсаалт”-аас албан ёсоор гаргах шийдвэр гаргасан байна. Европын холбооны Сангийн сайд нарын цахим уулзалтын талаарх хэвлэлийн мэдээтэй танилцах.

Европын холбоо 2017 оноос эхлэн “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалт”-ыг хөтлөх болсон. Энэхүү жагсаалтад татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч орнуудыг багтаадаг бөгөөд Монгол Улс 2017 оны арванхоёрдугаар сард  хар жагсаалтад орсон түүхтэй. Энэхүү асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам ажилласны үр дүнд 2018 оны нэгдүгээр сард тус “хар жагсаалт”-аас богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын “саарал жагсаалтад” шилжээд байв. 

Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурлын үеэр  Гадаад харилцааны сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор олон нийтийн дунд үүссэн төөрөгдөл нь “FATF”-ын саарал жагсаалт бус Европын холбооны саарал жагсаалт болохыг онцолсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн