АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдвар авчээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дөнгөж сая ‘COVID-19’-ийн халдвар авсан гэж мэдэгдлээ. 

Тэрээр өөрийн албан ёсны твиттер хаягтаа ‘Өнөө шөнө АНУ-ын тэргүүн хадагтай Мелани Трамп бид хоёр коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдлоо. Бид нэн даруй тусгаарлагдаж, эмчилгээнд хамрагдах болно. Бид үүнийг хамтдаа даван туулах болно!’ гэжээ.

Үүнээс өмнө лхагва гаригт Кливленд хотноо болж өнгөрсөн АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд оролцох Цагаан ордны тэргүүний аяллын багт багтсан Доналд Трампын ойрын туслах Хоуп Хикс коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байсан юм. ‘The Associated Press’ агентлагийн мэдээлснээр Хоуп Хикс өнгөрөгч долоо хоногийн турш Ерөнхийлөгч Доналд Трамптай ойр байж, нэлээд цагийг хамт өнгөрүүлсэн байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О,Брейн, дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллер тэргүүтэй Цагаан ордны хэд хэдэн өндөр албан тушаалтнууд коронавирусийн халдвар авсаны дараа тус улсын төрийн тэргүүнтэй ойр ажилладаг бүх хүмүүс, түүний дотор хэвлэл мэдээллийн ажилтнүүдийг хүртэл тогтмол ‘COVID-19’-ийн шинжилгээнд хамруулах болоод байсан юм. 

Америкийн ард түмэн болон сөрөг хүчнүүд Доналд Трампыг цар тахлын эсрэг хангалтгүй арга хэмжээ хэрэгжүүлж байгаад шүүмжлэлтэй хандах болсон. Цагаан ордны шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөхүүд болон Доналд Трамп өөрийн биеэр ч амны хаалт зүүх нь коронавирусийн халдвараас хамгаалах найдвартай арга биш гэж хэлснээсээ болж олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлд дагуулсан билээ. 

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлах юм. Ерөнхийлөгч Доналд Трамп ‘COVID-19’-ийн халдвар авсан энэхүү үйл явдал нь түүний Япон, Монгол, Өмнөд Солонгост хийх аяллын хуваарьт өөрчлөлт оруулж болзошгүй юм. АНУ-ын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 7.5 сая орчим тохиолдол, 212 мянган нас баралт бүртгэгдээд байна.   

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн