О.БЯМБАДЭЛГЭР: ХҮН-ЫН ОНЦ ИХ ХУРЛААР ДОТООД АСУУДЛАА ЦЭГЦЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА

 О.БЯМБАДЭЛГЭР: ХҮН-ЫН ОНЦ ИХ ХУРЛААР  ДОТООД АСУУДЛАА ЦЭГЦЛЭХЭЭР ЯРИЛЦАЖ БАЙНА

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

Хөдөлмөрийн Үндэсний Намын Нийслэлийн намын хороог НИТХ-д оролцуулахгүй гэсэн шийдвэр Захиргааны хэргийн шүүх гаргачихсан гэж сонслоо?

-“Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг шиг Хөдөлмөрийн Үндэснийн намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд тэргүүтэй нөхөд гишүүнгүй, бодлогын улс төрийн хүчин болно гээд бүх үүр, хороодоо татан буулгасан. Яагаад татан буулгав гэхээр анхан шат үүр, хороодод Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан, гарын үсгээ зурсан гишүүд байсан юм аа. Анхан шатны үүр хороодод “Эрс шинэчлэл”, “Соёмбо” хөдөлгөөнийхөн тэр чигээрээ байсан. Тэдгээр нөхдийг С.Ганбаатарын дагуулууд, гудамжныхан, хар масс гэж үзээд зайлуулахаар “Гишүүнгүй, бодлогын” нам гэж зарласан. Үүнээс эхлэн нам дотор хагарал үүсч Нийслэлийн намын хороо, үүрийн дарга нар хуралдаад П.Наранбаярыг томилсон Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгоод намайг сонгосон. Т.Доржханд, Б.Найдлаа нарын Удирдах зөвлөлийн гэх нөхдийн буруу алхмаас болоод  Нийслэлийн намын хорооны 45 гишүүн маань нэр дэвших эрхийг бүрхэг байдалд орчихлоо. 

-Хөдөлмөрийн Үндэсний нам талбай дээр гишүүд элсүүлж байна шүү?

-Биднийг ад үзээд байсан элит, боловсролтой, Дэлхийн банкнаас цалин авдаг гэж ярьдаг нөхдүүд  гишүүнгүй бодлогын нам байх үндэсгүй гэж ойлгоод “цэргүүд” элсүүлж байна лээ.

-ХҮН-ын ард Ц.Элбэгдоржийг байдаг, Рио-Тинтогоос  санхүүждэг гэж ярьдаг?

– ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Т.Ганболд нарыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гээд чадахгүй байхад хуурамч гарын үсэгтэй бичиг баримт бүрдүүлсэн (Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн) Б.Найдлааг бүртгэсэн нь Ц.Элбэгдорж ард нь байдаг гэх хардлагыг үүсгэсэн юм билээ.

-Та бүхний ар талд Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа  нарыг байна гэж Т.Доржханд мэдэгдлээ?

-Жижигхэн чулуунд бүдэрчихээд ичсэндээ уул өшиглөж болохгүй биз дээ. Өөрсдөө Үндсэн хууль болон сонгуулийн хуулийг (Гишүүнгүй нам болно гэж) зөрчсөн тогтоол шийдвэр гаргаад  Т.Доржханд тэргүүтэй нөхөд бүдэрсэн. Гишүүнгүй нам болно гэдэг тогтоолыг Нийслэлийн намын хорооны гишүүд эсэргүүцэж тусдаа III хурлаа хийгээд нэр дэвшигч нараа дэвшүүлсэн нь Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгэсэн юм билээ. Үүнийг улс төрч нартай холбон томруулах, улс төржүүлээд яах вэ дээ.

-Цаашид яах вэ?

-Манай нам үүссэн байгууллагдсан цагаасаа эхлэн дотоод асуудлаасаа болоод 2016 оны УИХ болон 2020 оны орон нутгийн сонгуульд оролцож чадсангүй. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний намын Онц их хурлаа хийхийг гишүүд дэмжигчид шаардаж эхэллээ. Б.Найдлааг томилсон асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдэх, үүсгэн байгуулагч, үүр хороодын дарга нарын эрхийг хангах асуудлыг Онц их хурлаар шийдэж энэ ойлгомжгүй байдлаас  гарна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн