Баасан гарагт архинаас болж НАЙМАН ХҮН нас баржээ

 Баасан гарагт архинаас болж НАЙМАН ХҮН нас баржээ

Өнгөрөгч баасан гарагт найман хүн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алджээ.

Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гэхэд улсын хэмжээнд 20 хүн нас барсан байх ба эдгээрийн найм нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн нас барсан нь үнэхээр харамсалтай тоо юм. 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт энэ өдөр тус аймгийн харьяат, 52 настай эрэгтэй ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн байна. Талийгаач нь сүүлийн дөрвөн өдөр дараалан архи уусны улмаас тархинд нь цус харвалт өгч, амьсгал хураажээ. 

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн “Голден парк” хотхонд 45 настай эрэгтэй гэмтэл, шархгүй нас барсныг цагдаагийн алба хаагчид шалгахад талийгаач нь сүүлийн хоёр сарын турш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бие нь муудан, нас барсан байж. 

Түүнчлэн тасралтгүй арав хоног архи уусан гэх хоёр иргэн Баянзүрх дүүрэгт нас барсан бол архидан согтуурсан үедээ явганаас унаж гэмтэн, ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас барсан тохиолдол ч энэ өдөр бүртгэгджээ. 

Бас нэг тохиолдол. Өнгөрсөн баасан гарагийн орой “Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах … орон сууцны цахилгаан шатны хонгилоос хүн ёолох чимээ гарлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тухайн байранд оршин суух, 34 настай эрэгтэй цахилгаан шат гацсан байсныг анзааралгүй дөрвөн давхраас унаж, нас барсан байна. 

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар монголчуудын 34 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэх үзүүлэлт гарч байсан бол өнөөдөр энэ тоо улам нэмэгдэж, Монгол Улс архидалтаараа дэлхийд 15-д жагсах болжээ. 

Баримтаас харахад манай улсын архинд донтох, архидах залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж, архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэргийн гаралт жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нөгөө талаас цар тахлын үеийн хөл хорио тавигдаж, үйлчилгээний газар, шөнийн клубууд ажиллаж эхэлснээр архидан согтуурах иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь нийслэлд баасан, бямба гаригт гарсан осол, гэмтэл, архидалтаас болж нас барсан дээрх тохиолдлуудаас харагдаж байна.  Хуваалцах Жиргэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн