У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа

 У.Хүрэлсүх: Эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэлт гарна гэж харж байгаа

Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажлаа танилцуулах илтгэлдээ “эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн ажлуудтай танилцаж буй Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт талархал илэрхийлье. Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах, төвлөрлийг сааруулах, ард иргэддээ чанартай хүртээмжтэй үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийг зорьж ажиллаж байна. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын гол хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, зорьсон ажлаа хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс гүйцэтгэлээр санхүүжих том тогтолцоо руу шилжихтэй холбогдуулан бид бэлтгэл ажлуудыг хийж ажиллаж байна.  Дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын үед дараах дөрвөн чиглэлд бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд лаборатори оношлуур, тоног төхөөрөмж, хүний нөөц, орны нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын зэрэгт анхаарч ажиллаж байна. Бид бүх эмнэлгүүдийнхээ нөөцийн мэдээг нэгтгэх зорилгоор burtgel.mohs.mn цахим програмд 418 байгууллагаас мэдээ, мэдээллийг шуурхай авч байна. Бид орны болон эрчимт эмчилгээнийхээ орны тоог тооцоод үзэхэд Улаанбаатарт эрчимт эмчилгээний 148 ор нэмэх шаардлагатай бол орон нутагт орны хүртээмж хангалтттай боловч тоног төхөөрөмж, хүний нөөц шаардлагатай байна. Ковид-19 оношлох PCR оношлуураар таван аймгийг хангасан. Цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж гурван аймагт  байршуулахаар ажиллаж байна. Мөн Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг төвлөрсөн ариутгалын тасгуудыг засварлан, тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэж байна.

Түүнчлэн эмч сувилагчийн 1:1 харьцааг 1:2 болгох зорилт тавин ажил болгоод явж байна. Энэ хүрээнд сувилагчийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжиж энэ онд 100 оюутан хамрагдаад байна. Бид ирэх 4 жилд эрүүл мэндийн салбарт халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх, яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой арга хэлбэрийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас 5 том цогц ажлыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, нотолгоо шинэ технологид суурилсан эрүүл мэндийн дэмжих төвүүдийг байгуулах, эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог бүрдүүлэх, эмийн чанар, үнийн зохицуулалтын тогтолцоо, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн тогтолцоог тус тус бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар цар тахлын үед ариутгал, халдваргүйтгэл хариуцан сайн ажилласан эмнэлгийн ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн