Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ байна

 Н.Батсуурь: Надаас допинг илэрснийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ байна

Допингийн эсрэг үндэсний төвөөс есдүгээр сарын 8-нд энэ жилийн баярын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаараа мэдээлсэн билээ.

Допингийн шинжилгээний дүнг одоогоор албан ёсоор олон нийтэд зарлаагүй байгаа. Харин зарим хэвлэлд улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь нараас допинг илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Допингийн хариуг өөрийн биеэр зарлая гэж бодлоо. 2020 оны есдүгээр сарын 10-нд би допингийн шинжилгээний хариуг хүлээж авсан. Таны биеэс эмийн бодис илэрсэн гэж хариу ирсэн. Хариугаа аваад гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн “Предизин” гэж эмийг судаллаа. Зүрхний эм юм байна. Аптект 400 төгрөгөөр худалддаг. Энэ эмийг би зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь миний буруу. Тиймээс би шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Лабораторийн шинжилгээтэй маргах зүйл надад байхгүй. Би хариуцлага үүрэхэд бэлэн. Монгол төрийнхөө баяр наадмыг үзсэн, наадамчин олон, ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж байна” гэв. 

Цааш нь мөн “Би гадаад, дотоодын тэмцээн, баяр наадам гээд 10 гаруй удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаа надаас допингийн төрлийн бодис илэрлээ гэхэд нь гайхаж хүлээж авсан. Шинжилгээнээс эмийн тун бага хэмжээгээр илэрсэн ч WADA-ийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна. Би маш их харамсаж байна. Өдий зэрэгт хүрэхдээ үнэнчээр, өөрийн хүч хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Миний шинжилгээнээс илэрсэн “Предизин” эм Монголд хэрэглэх бүртгэлтэй эмийн жагсаалтад бүртгэгдсэн, Польш улсад үйлдвэрлэсэн, жоргүй зарагддаг эм. Миний хувьд энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж би хувьдаа хардаж байгаа. Залуучууддаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж, идэхдээ маш болгоомжтой байж хоол, хүнсэндээ анхааралтай хандахгүй бол маш цөвүүн цаг иржээ. Миний хувьд энэ эмийг худалдан авах, эсвэл уух шаардлага үүсээгүй, өөрийн хайнга, анхаарал болгоомжгүй байсны л буруу байлаа” гэсэн тайлбар өглөө. 

Аварга Н.Батсуурь Таны зүрх өвдөж байсан уу? гэсэн асуултад “Би зүрхний ямар нэгэн өвчингүй” гэж хариулаад, Б сорьцын шинжилгээ өгөхгүй байхаар шийдсэнээ хэлэв. 
 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн