Я.Содбаатар: 2021 оны эхний хагас хүртэл Монгол улс хилээ нээхгүй байж магадгүй

 Я.Содбаатар: 2021 оны эхний хагас хүртэл Монгол улс хилээ нээхгүй байж магадгүй

Монгол Улсын Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцож КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй КОВИД-19 халдварын цар тахлын эрсдэл өндөр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын “хоёрдугаар давалгаа” гарч байгааг анхааруулж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс КОВИД-19 халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай улсад Өнөөдөр байдлаар халдвартын клиникт эмчлэгдэж буй 11 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 10, хүндэвтэр 1 хүн байна.Улсын онцгой комиссын Шуурхай штаб байгуулагдсанаас хойш гадаад улсаас эх орондоо буцах хүсэлт бүхий 29759 өргөдөл ирүүлээд байгаагаас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 54 улсаас 14 мянга орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Улсын онцгой комиссоос зохион байгуулсан 61 удаагийн захиалгат нислэгээр – 12,295, төмөр зам, авто замын хилийн боомтоор – 8,894, нийт 21,189 иргэнийг гадаадын 53 улсаас татан авч тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулаад байна.Нийслэлд 28 зочид буудал, 5 амралтын газар, 2 сувиллын газар, 4 эмнэлэг, 1 дотуур байрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна. Тусгаарлах байруудын зэрэглэл, орчны нөхцөл харилцан адилгүй байгаа. Мөн орон нутагт нийт 7 зочид буудал, 2 амралтын газар, 2 дотуур байр, 2 эмнэлэг сувиллын газрыг тусгаарлах зориулалтаар ашиглаж байна.   КОВИД-19 халдвар зөөвөрлөгдөн орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэлийн үнэлгээг 2020 оны 1 дүгээр сараас хойш нийт 11 удаа, мөн хилийн автозамын “Алтанбулаг”, “Замын-Үүд”, “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтод коронавиурст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийн үнэлгээ, 21 аймаг, гамшгаас хамгаалах улсын 8 албанд хариу арга хэмжээ авах чадавхын үнэлгээг тус тус хийсэн бөгөөд “Өндөр” эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан байна.   Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Манай Монголчууд хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй байна. Цар тахал ойрын хэдэн жил дамнан үргэлжилнэ гэж гаднын хэвлэлүүдээр бичиж байгаа. Коронавирусын эсрэг вакцин гарлаа ч гэсэн түүнийг түгээхэд хамгийн багадаа нэг жилийн хугацаа орно. Төсвийн тодотголд хилийн чанадад байгаа иргэдийг татан авах ажилд нийт хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ? Өөрсдөө төлбөрөө төлж чадахгүй иргэдэд ямар тусламж үзүүлэх вэ? Хүйтрэхээс өмнө үлдсэн 15 мянган иргэнээ яаж авчрах талаар төлөвлөгөө боловсруулсан уу? гэхэд Монголын Улсын Шадар Сайд, Улсын Онцгой Комиссын Дарга Я.Содбаатар: -Цар тахал хэр удаан үргэлжлэхийг одоогоор мэдэх хүн алга байна. Ирэх 2021 оны эхний хагас хүртэл манай улс хил гаалийн асуудлын хувьд хүндрэлтэй  байх болов уу? Өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарын 15-ныг хүртэл сунгаад байна. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг мэдэхгүй. Дэлхий нийтэд хоёр дахь давлагаа эхэлчихлээ. Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаанд зориулж төсөвт тусгайлан мөнгө суугаагүй. Иймээс улсын төсвөөс шууд зарцуулж байгаа мөнгө маш бага.   Иргэдээ гадаадаас үе шаттай татаж байгаагийн шалтгаан нь дотоодын эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, дэд бүтэц, тусгаарлах байрны хүрэлцээ, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан үзсэнтэй холбоотой. Мэдээж болж өгвөл бүх иргэдээ авчрахыг хүсч байна. Гэхдээ эрсдэлийн үнэлгээгээ тооцож, дотооддоо халдварыг алдахгүй байх нь хамгийн чухал. Зарим орнууд хээрийн эмнэлэгт иргэдээ тусгаарласны улмаас дотроо халдвар алдсан тохиолдлууд ч байна. Гэхдээ бид эрчимтэй ажиллаж байна. Зургадугаар сард 2000 гаруй иргэнийг, долдугаар сард 3000 иргэнээ татаж авсан. Энэ сард 4500 иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Таван нөхцөлийг хангах иргэдийн тоо нэлээд буурсан. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангийн мөнгө дууссан учраас хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг нэмж өгсөн.” хэмээн хариулсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн