С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

 С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой Увс аймгийн Үүрэг нууранд илэрсэн үл мэдэгдэх үлэмж биет ийн талаар ярилцлаа.

-Увс аймгийн Үүрэг нуурт та ямар амьтан харсан юм бэ?
-Энэ нь 2017 оны есдүгээр сарын 16-ны өдөр байсан. Орой нар жаргах үед би нуурын эрэг орчим машины хэмжээтэй том хар зүйл харсан. Би машин байна гэж бодон хэсэг хугацааны дараа дахин хартал машин байхгүй харин усны мандалд завь хөвж буй мэт урт хар зүйл харагдсан. Хэсэг ажиглаад хартал уг биет чиглэлээ өөрчлөн хагас эргэх хөдөлгөөн хийсэн. Улмаар алгуурхан нуурын эргээс төв хэсэг рүү холдон цаашилсан. Энэ үед л би уг биетийг яах аргагүй амьтан байна гэдгийг ойлгож камераа авчирч бичлэг хийж эхэлсэн. Анх эргээс ойролцоогоор 250 метрийн зайнаас бичлэг хийж эхэлсэн. Илүү ойртож харахын тулд нуурын эрэг рүү гүйхэд уг амьтан ч нэлээд холдож харанхуй бүрийгээс болж үргэлжлүүлэн бичлэг хийх боломжгүй болсон. Тэгээд хотод ирээд авсан бичлэгээ гавьяат палентологич Дашзэвэг гуайн хүүтэй уулзаж үзүүлсэн юм. Тэрээр энэ нутагт эрт үед далай байж байгаад хуваагдсан бөгөөд тэр үеийн амьтад үлдсэн байх магадлалтай гэж ярьсан юм. Мэдээж ганц энэ бичлэгээр эрдэмтэн судлаачдын  сонирхлыг татаж чадахгүй учраас өөрийн харсан зүйлийг дахин харж, амьтныг бүтнээр нь дүрсжүүлэн авч баттай нотлох баримтуудыг цуглуулахын тулд ховор амьтан олж илрүүлэн, судлах, хамгаалах чиглэлээр “Хүй омог” төрийн бус байгууллагыг байгуулан энэ амьтныг судлан, илрүүлэхийг зорин тасралтгүй гурван жил үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хэр том амьтан байсан бэ. Ямар учиртай юм бол?
-Анх харснаар 7-8 метрийн урттай харагдсан. Усны мандал дээр ил гарч ирсэн хэсэг нь нэг метр орчим байсан. Эрэг дээр ил харагдсан байдал нь бол нүдэн баримжаагаар том оврын жийпний хэмжээтэй байсан юм. Нарны жаргалтын туяа над руу тусаж байсан учраас уг биет нь бичлэгт хар өнгөтэй үзэгдсэн. Зүйрлэж хэлбэл матрын нуруу шиг яг л усны үлэмж биет амьтны сэрвээ мэт харагдаж байсан. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар энэ нууранд хамгийн томдоо тохой гарантай загас л байдаг гэсэн. Үүрэг нууранд загасны нөөц тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар ч тийм том хэмжээтэй загас тогтоогүй юм билээ. Тиймээс энэ нь загас байх боломжгүй. Харин нутгийн хүмүүс энэ нуурыг эзэнтэй, нууранд нь “Хөх Бух” нэрт үлэмж биет амьтан байдаг гэх аман яриа хэдэн зуун жилийн турш ам дамжиж ирсэн юм билээ. Энэ амьтныг харсан гэх иргэд байх ч судалгааны явцад иргэдтэй ярилцлага хийж энэ амьтны талаарх бүх домог түүхийг олж мэдсэн. Хамгийн сонирхолтой нь хааяа нуурнаас яг бух урамдаж байгаа юм шиг хүнгэнэсэн дуу гардаг гэсэн. Ингэж урамдахад тэр жил өнөтэй сайхан өвөл болж нуурын ойролцоо буусан айлуудын мал их сайхан өсдөг байна. Энэ дуу гарахад ойролцоох айлын үхрүүд мөөрөлдөн гүйлдэж нуурын захад очин газар малтаж бөөгнөрөхийг харсан хүмүүс нь мөн ярьж байсан. Эдгээрээс үзвэл домог гэх энэ амьтан нь бодит. Түүгээр ч зогсохгүй түүнийг нь би камерт буулгаж авсан бөгөөд миний хажууд нутгийн найман хүн энэ зүйлийг мөн харсан.

-Та гурван жилийн турш судалгаа хийсэн гэлээ. Судалгааны явцад энэ амьтныг дахин харсан уу? 
-Мэдээж өөрийн нүдээр хараагүй хүмүүс миний харсан зүйлд тэр бүү хэл бичлэгт буусан дүрсэд итгэх хүн цөөн байсан. Гэсэн ч дахин харах хүсэлдээ хөтлөгдөн баг бүрдүүлж тэр оныхоо аравдугаар сараас хойш тасралтгүй, жилийн дөрвөн улиралд Үүрэг нууран дээр ирж ажиглалт, тандалт судалгаа хийсний үр дүнд байгаль эх надад “Хөх Бух” үлэмж биет амьтныг 3-4 удаа харах боломж өгсөн. Энэ боломжийг ашиглан тухай бүрт нь үйл явцыг дүрс бичлэгээр удаа дараа баримтжуулан авч чадсан. Гэхдээ яг өмнөх шигээ бүтэн биеэрээ харагдаагүй ч сэрвээ хэсэг нь усны мандалд давалгаа үүсгэн цухуйж байгаа нь харагдсан. Домог ярианд “Хөх Бух” буюу нуурын эзнийг жаранд нэг удаа ил гарч ирдэг гэх яриа бий. 

-Та эрдэмтэн судлаачтай энэ талаар ярил­цаж үзсэн үү. Тэдэн­тэй хамтарч ажиллах талаар ямар бодолтой байна вэ. Соёлын яамтай ч боллоо шүү дээ?
-Би загас судлаач Б.Мэндсайхан гуайтай уулзаж бичлэгээ үзүүлсэн. Тухайн үед их сонирхож байсан. Мэндсайхан гуай өөрөө тэр нууранд гурван удаа очсон юм билээ. Мөн зарим нэг судлаачтай уулзсан. Тэгээд тэдний сонирхлыг татъя гавэл өөрөө эхлээд энэ амьтны бүтэн биеийн дүрсийг бичлэгт буулгах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гэвч энэ нь эх газрын амьтадтай адилгүй л дээ. Нуурын эрэг дээр бүтнээрээ гарч ирэхээс бусдаар бүтэн биеийнх нь зургийг авна гэдэг тийм ч амар зүйл биш. Техник тоног төхөөрөмж, судалгаанд зарцуулах цаг, хүн хүч гээд шаардагдах зүйл их байна. Тиймээс би цаашдынхаа судалгаандаа Монгол эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, залуучуудыг нэгдэж хамтран ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм.
Саяхан ОХУ-ын зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин Хяргас нуурыг 2010 оноос хойш судлаад одоо үеийн аварга загасны өмнөх төрлийн аварга загас байх магадлал өндөртэй байна гэдгийг сая зарлачихлаа. Нэлээн том хайгуулын баг оруулна, энэ дэлхийг донсолгоно гэсэн мэдээлэл хийсэн. Үүрэг нуур болон Хяргас нуурын хоорондын зай 153 км. Миний бие өөрсдийн судалгаанд үндэслэн Үүрэг нуурт магадгүй Хяргас нуурт илэрсэн гэх амьтантай насжилтаараа ижил төстэй галвын үеийн шинэ төрөл зүйлийн амьтан байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Бүрэн судалж чадвал дэлхийн хэмжээнд том нээлт болно. Оросын эрдэмтэн манай Хяргас нуурыг судлаад дэлхий нийтэд цацаж байхад манайхан ч гэсэн өөрсдийн баг гаргаад нутаг орноо яагаад судалж болохгүй гэж. Улс эх орныхоо талаар гадаадынхнаас илүү өөрсдөө сайн мэддэг төдийгүй мэдсэн зүйлээ судалж бусдад таниулан, хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэж хувьдаа бодож явдаг. 
Нэгэнт эхлүүлсэн судалгаагаа орхих бодол байхгүй. Монгол Улсын төр, засаг, эрдэмтэн судлаачид, бусад мэргэжилтэн болон ард иргэддээ хандаж хэлэхэд Увс аймгийн Сагил сумын Үүрэг нууранд эртний галвын үеийн судлагдаагүй үлэмж биет усны амьтан байна. Энэ амьтны тайван байдлыг алдагдуулалгүй зөв зохистой судалгаа хийж, олон нийтэд таниулах, хамгаалалтад авахад Монголын төр, засаг, эрдэмтэн судлаачид та бүхэнтэйгээ хамтран ажиллах хүсэлтэй байна. Тиймдээ ч энэ мэдээллийг мэдэх ёстой хүмүүс нь олж хараасай гэж бодсны үндсэн дээр энэ ярилцлагыг өгсөн юм. Хэрэв би шинэ утас бүтээсэн бол миний өмч. Харин байгаль өөрөө бүтээгээд тавьсан энэ амьтан бол бидний том өв. Өв соёлоо бид хайрлан хамгаалах ёстой.   

ЭХ СУРВАЛЖ “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2020.7.31  БААСАН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн