БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ

 БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ

Бүх шатны боловсролын байгууллагуудыг хэрхэн үе шаттай нээх, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээлэл хийж байна.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн  “Наймдугаар сарын 31-ийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан. Нөхцөл байдал амаргүй энэ цаг үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үе шаттайгаар эхлүүлэхээр Засгийн газар шийдсэн. Ингэснээр,

  • Есдүгээр сарын нэгнээс Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлнэ
  • Есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл,
  • Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Ингэхдээ есдүгээр сарын 1-ээс цахимаар лекц орно. Аравдугаар сарын 5-с семинар, дадлага ажил танхимд эхэлнэ.

Танхимын хичээлийн сургалтыг дээрх жишгээр эхлүүлэх бол есдүгээр сарын 1-ээс бүх сургалтын байгууллагын цахим хичээлийг эхлүүлнэ. Ингэхдээ хичээлийг танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулна. Танхимын сургалт эхэлнэ гэдэг нь одоогийн нөхцөлд мэдээж хүндрэлтэй шийдвэрийг Засгийн газар зоригтой гаргалаа.

Эрүүл мэндийн яамны өгсөн зөвлөмжид үндэслээд бүх шатны боловсролын байгууллагуудын нэг ангид байх хүүхдийн тоог 20 байхаар тогтсон. Цэцэрлэг 20 хүүхдээрээ бүлэг дүүргэлтийг хийх бол ЕБС-ын хувьд сум, баг, тосгонд сургалт явуулдаг сургуулиуд энгийн горимоор хичээллэнэ.

Харин аймаг болон нийслэлийн ачаалал ихтэй сургуулиуд гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр цахим сургалтыг явуулна. Учир нь бүлэг дүүргэлттэй уялдуулаад сургалтын өдрүүдэд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсч байгаа.

Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жид хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй. Цэцэрлэгийн хүчин чадлаасаа хамаараад 3-4 настай хүүхдүүдийг цөөн тоогоор авна. Харин таван настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд теле хичээлээ үзнэ. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн лекцийн хичээл нь 100 хувь цахимаар явагдана. Дадлага ажил, семинарыг танхимын хэлбэрээр явуулна. Ингэхдээ 20 хүүхдийнхээ тоог барина.

Хувийн өмчийн цэцэрлэг, их дээд сургуулийн төлбөрийн асуудал дээр уян хатан зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тодруулбал, эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт болохооргүй сар болон улирлаар нь төлбөрөө төлдөг зохицуулалтыг хийнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудад зайлшгүй хийгдэх гол ажил нь албан ёсны ариутгалын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Хичээл эхлэхээс өмнө гурван удаа хийх шаардлагатай.

БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар:

Улсын  хэмжээнд сургуулийн өмнөх насны 2-6 хүртэлх насны 309 мянга 670 хүүхэд  байгаагаас хоёр настай  77 мянга 235  хүүхэд бий.  Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэр гаргасан нь хүүхдүүдийн бие бялдарын онцлогт суурилсан гэдгийг онцолмоор байна. Хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн өвчлөл  ихэсдэг. Тухайлбал, 0-3 хүртэлх насны хүүхдийн амьсгалын болон гэдэсний халдварын өвчлөл улсын хэмжээнд дээгүүр байрыг эзэлдэг. Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй. Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ. Өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийг бүлгийн тоонд харьцуулж үзэхэд таван настай хүүхдүүдээ 100 хувь, 3-4 настай хүүхдүүдийн 60 хувийг авах тооцоо судалгаа гарсан. Хүүхдүүдийн бүртгэл урьдын адил цахим хэлбэрээр явагдана. Төрийн өмчийн цэцэрлэгт багтахгүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хамруулах боломжуудыг судалж байна” гэв.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд 150 мянган оюутан их дээд сургуульд суралцах бөгөөд  их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн