Коронавирусний вакцины СҮҮЛЧИЙН ШАТНЫ туршилтад 30.000 хүн хамруулж байна

 Коронавирусний вакцины СҮҮЛЧИЙН ШАТНЫ туршилтад 30.000 хүн хамруулж байна

АНУ-ын “Moderna” компанийн бүтээсэн коронавирусний эсрэг вакцины сүүлчийн шатны эмнэлзүйн туршилт эхэлжээ. Дэлхийн хамгийн олон хүнийг хамруулсан туршилтад нийт 30 мянган хүн оролцож байна. Хүн бүрд хоёр тун вакцин хийх бөгөөд халдвар эрчимтэй тархсаар байгаа бүс нутгийн сайн дурын оролцогчдод илүү анхаарал хандуулах аж.

Судалгаагаар вакцины зохистой тунг тодорхойлж, өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой эсэхийг тогтооно гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Туршилт амжилттай болсон тохиолдолд энэ онд багтаан өргөн хэрэглээнд гаргахаар төлөвлөж байна. Тус компани эл туршилтад зориулж нэмэлт 472 сая ам.долларын санхүүжилт авчээ. Энэ оны эхээр вакцин бүтээх, турших, үйлдвэрлэлд бэлдэхэд зориулж 483 сая ам.долларын санхүүжилт авч байсан аж.

Түүнчлэн, АНУ-ын “Pfizer” компани Германы “BioNTech” компанитай хамтран бүтээсэн BNT162B2 вакцины эмнэлзүйн сүүлчийн шатны туршилтыг АНУ-ын 39 муж, Герман, Аргентин, Бразилд хамруулан нийт 30 мянган хүн дээр эхлүүлжээ. Сүүлчийн шатны судалгаагаар уг вакцины аюулгүй байдал, үр дүн, оновчтой тунг тогтоох юм. Ирэх наймдугаар сард Оксфордын их сургуулийн гаргаж авсан вакцины сүүлчийн шатны туршилт эхлэх бол “Johnson & Johnson” компани өөрийн бүтээсэн вакцинаа ирэх есдүгээр сараас эхлэн турших гэнэ.

Nasdaq хөрөнгийн бирж дээр “Moderna” компанийн хувьцааны үнэ 8.67 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн