ОБЕГ: 18-тай хүү өндрөөс унаж амиа алдсан хэргийг шалгаж байна

 ОБЕГ: 18-тай хүү өндрөөс унаж амиа алдсан хэргийг шалгаж байна

ОБЕГ-т иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.


ҮЕРТ ДӨРВӨН АЙЛЫН ГЭР, АЧААНЫ МАШИН, 50 БОГ МАЛ УРСЧЭЭ

Ховд аймгийн Чандмань сумын нутаг “Овооны эрүү” гэдэг газарт энэ сарын 23-нд орсон хүчтэй аадар борооны улмаас дөрвөн айлын гэр, “Пронтер” загварын ачааны автомашин, 50 бог мал үерт урсчээ. Онцгой байдлын алба хаагчид үерт өртсөн нэг айлын найман хүнийг аюулгүй газарт нүүлгэж, хорогдсон 50 бог малын сэг зэмийг булж устгасан байна.

ТУУЛ ГОЛД ОСОЛДСОН ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ 10 ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА

Туул голд живсэн 11 настай хүүг арав дахь өдрөө эрэн хайж байна. Хүүг усанд осолдсон тухай мэдээлэл энэ сарын 14-нд Онцгой байдлын газар хүлээн авснаас хойш эрлийн ажлыг явуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Аврах ангийнхан “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” “Маршалын гүүр” хүртэл 156 км-т завиар явж, 60 удаа шумбалт хийсэн байна.

СОГТУУДАА ГОЛ ГАТЛАХ ГЭЖ ЯВААД ОСОЛДСОН ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Хөвсгөл аймгийн нутаг, Дэлгэрмөрөн голыг гатлах үедээ осолдсон иргэний цогцсыг алба хаагчид олжээ. Талийгаач 34 настай Г нь энэ сарын 17-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гаталж яваад осолдсон байдаг. Онцгой байдлын алба хаагчид талийгаачийн цогцсыг осолдсон газраас зургаан км-ын зайд “Цагаан-Эрэг” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Баян-Өлгий аймгийн нутаг, Цэнгэл сумын харьяат иргэн 20 настай эрэгтэй адуундаа яваад эргэж ирээгүй. Тэрбээр энэ сарын 20-нд өглөөний 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон ба адуу нь гэртээ иржээ. Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон иргэнийг ар гэрийнхэнтэй нь эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн “Хоромдох”-ын голын гүүрээс “Хотон нуур” хүртэл 10 км-т завиар явж, 3-5 метрийн гүнд 5 удаа шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

ЕСӨН ДАВХАРЫН САЛХИВЧНЫ ХОНГИЛООС ХҮҮХДИЙН ЦОГЦОС ОЛДОВ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаа хотхоны баригдаж буй 12 давхар барилгын есөн давхрын салхивчны хонгилоос 18 настай хүүгийн цогцос олджээ. Хүн унаж нас барсан тухай дуудлага өчигдөр орой 20:50 цагийн үед бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид хүүгийн цогцсыг гаргасан байна. Талийгаач нь “ТЭББ” ХХК-ийн гэрээт ажилтан, Архангай аймгийн харьяат байжээ. Өндрөөс хүн унаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн