Б.Хурцад шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо

 Б.Хурцад шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо

Бусдыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарын хүмүүст 1-3 жилийн хорих ял оноов.

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өчигдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж дээрх хүмүүст дараах ял оноов. Тодруулбал, С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт гурван жил, Ү.Отгонбаярт хоёр жил, Э.Өлзийбаярт нэг, О.Бямбажавт хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял оноов. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц,  УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татаад байсан юм. 

Тэднийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн, Эрүү шүүлт тулгасан үндэслэлээр хэрэгт холбожээ.

Эрүүгйн хуулийн 133.1-т “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

Эрүүгийн хуулийн 251.1-т “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн