ОБЕГ: Бэлтсийн голд зургаан хүн автомашинтайгаа урсчээ

 ОБЕГ: Бэлтсийн голд зургаан хүн автомашинтайгаа урсчээ

ЕРТ 40 АЙЛ УСАНД АВТАЖ, 10 АЙЛЫН ГЭР УРСЧЭЭ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн “Согоогын зуслан”-д энэ сарын 14,15-нд үргэлжлэн орсон борооны улмаас 40 айлын гэр усанд автаж 10 айлын гэр үерт урсчээ. Онцгой байдлын алба хаагчид үерт урссан 10 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн  үерээс хамгаалах 100 метр урт шуудуу ухан хуримтлагдсан усыг зайлуулан 50 см өндөр, 600 метр урттай шороон далан босгожээ.

УСАНД ОСОЛДСОН ГЭХ  11 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Туул голын эрэг дээр тоглож байсан байсан гурван хүүхдийн нэг нь усанд осолдсон гэх дуудлага энэ сарын 14-нд Онцгой байдлын газарт ирсэн. Осолдсон гэх 11 настай эрэгтэй Т-г эрэн хайх ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Аврах ангийн алба хаагчид өчигдөр 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т хүүг эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.

ХӨВСГӨЛД ЗОРЧИЖ ЯВСАН ЗУРГААН ХҮН  ГОЛД МАШИНТАЙГАА УРСЧЭЭ

Хөвсгөл аймгийн  нутаг “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинтай зорчиж явсан зургаан хүн Бэлтсийн голын усанд урссан байна. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Мөрөн сумын харьяат иргэн 49 настай эрэгтэй Б, 49 настай эмэгтэй С, 26 настай эмэгтэй Б, 20 настай эрэгтэй Б, арван настай эрэгтэй Б, дөрвөн настай эрэгтэй Т нар автомашинтай урсчээ. Энэ үеэр 26 настай эмэгтэй Б нь  эсэн мэнд гарч явган явсаар энэ сарын 16-ны 23:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Энэ дагуу машинтайгаа урссан иргэдийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Мөн аймгийн Бүрэнтогтох сумын харьяат иргэн 34 настай Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн байна. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН 42 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НҮХЭН ЖОРЛОНД УНАЖЭЭ

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Горькийн” 5 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн  унасан осол гарчээ.  Онцгой байдлын алба хаагчид тус газарт очиход 42 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн