Афганистанд гацсан 50 энхийг сахиулагч коронавирусийн халдвар авчээ

 Афганистанд гацсан 50 энхийг сахиулагч коронавирусийн халдвар авчээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн 120 энхийг сахиулагч эх орондоо ирж чадахгүй гурван сар гацах хугацаандаа коронавирусийн халдвар авчээ.

Тус улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн 120 энхийг сахиулагч оролцож, зургаан сар үүрэг гүйцэтгэжээ. Үүрэг гүйцэтгэх хугацаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусаад эх орондоо ирэх ёстой байсан боловч буцах нислэг хүлээсээр зургаадугаар сарын 13-ныг хүргэсэн байна. 

Улмаар зургаадугаар сарын 13-нд АНУ-ын цэргийн онгоцоор эх орондоо буцахаар Афганистаны Кабулын нисэх онгоцны буудал дээр иржээ. Гэтэл АНУ-ын цэргийн онгоцыг Хятадын тал агаарын хилдээ нэвтрүүлэхгүй гэсэн тул тэд Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд гацсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд 50 цэргийн шинжилгээ эерэг буюу халдвартай гэж гарчээ.

Тэднийг Кабулын нисэх онгоцны буудлын гадна майханд тусгаарласан бол биеийн байдал хүнд найман цэргийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ талаар мэдээллийг нууцлахыг бусад цэргүүдэд үүрэг болгож, гар утас, холбоо хэрэгслийг нь хураан авсан тухай ар гэрийнхэн нь Үндэсний шуудан сонинд мэдээлжээ. Түүнээс хойш ар гэрийнхэн нь энхийг сахиулагчидтай холбоо тогтоож чадахгүй байгаа бөгөөд коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан 50 энхийн сахиулагч эмчилгээ хийлгэж байгаа эсэх, эмнэлэгт хүргэгдсэн найман энхийг сахиулагчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байгаагаа учирласан аж. Уг нь заавал АНУ-ын цэргийн онгоцоор биш өөр улсын онгоцоор, өөр улсын агаарын хилээр дамжуулан эх оронд нь авчрах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Германчуудтай хамт үүрэг гүйцэтгэх монгол цэргүүд Чехийн онгоцоор эх орноосоо мордсон билээ. Гэтэл яагаад зөвхөн Афганистанд байгаа энхийг сахиулагчдыг бүтэн гурван сар хүлээлгэж, халдвар авсныг нь чанд нууцлаад байгаагын хариултыг ар гэрийнхэн нь олохгүй, сэтгэл зовнисон байдалтай байна. 

Тиймээс Монгол Улсын Зэвсэгт Хүчний 10 дугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирж чадахгүй байсаар коронавирусийн халдвар авсан энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар яаралтай тайлбар хийж, олон нийтийн болон ар гэрийнхнийх нь айдас, түгшүүрийг арилгаж өгөхийг хүсчээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн