“Хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүй хүмүүсийн зургийг Цагдаагийн байгууллагын фэйсбүүкт нийтэлнэ”

 “Хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүй хүмүүсийн зургийг Цагдаагийн байгууллагын фэйсбүүкт нийтэлнэ”

ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилсан сэргийлэх аяны талаар ярив.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг суудлын болон ачааны автомашинаар тээвэрлэхдээ нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой. Энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 0-3 насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудалгүй тээвэрлэж яваад осолд орж амь насыг нь хохироох тохиолдол их гарсаар буй аж.

Үүнтэй холбогдуулан энэ удаагийн “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн буюу 0-3 насны хүүхдийг нэмэлт суудал хэрэглэж тээвэрлэхгүй, өвөр дээрээ болон бусад байдлаар тээвэрлэж хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож, “Дараагийн удаа хүүхдээ хамгаалалтын суудалтай тээвэрлэнэ” гэсэн уриалгад нэгдүүлж, тусгайлан бэлтгэсэн амлалтын самбарын дэргэд зургийг нь авч, цахим орчинд өрнүүлэх хүүхдийг зөв тээвэрлэх, хамгаалалтын суудал авч өгөх  уриалгад нэгдэж байгаа жолооч нарын мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудсанд нийтлэх аж.

Энэ нь эцэг эхчүүд хүүхдүүддээ тусгай суудал авч өгч аюулгүй тээвэрлэх хандлагыг бий болгож, цаашид хүн бүр хүүхдээ хамгаалах бүс, хамгаалах суудалтай авч явдаг соёлд сургах ач холбогдолтой гэж үзжээ. Энэ шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа хүүхдээ буруу тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 50 мянга хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэдгийг ТЦА-наас мэдээлэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд, Цагдаагийн байгууллага 2017 оноос эхлэн “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл”  гэх нэгдсэн арга хэмжээг урин дулаан цагт зохион байгуулсаар ирсэн. Үүний хүрээнд осол эндэгдэл буурсан үзүүлэлтүүд бий.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдэж, 180 хүний амь нас хохирсон байна. Эдгээр хүний 130 нь хөдөө орон нутгийн замд осолдсон байна.

ДАРХАН-УУЛ АЙМГААС СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧИГЛЭЛД ДУНДАЖ ХУРД ХЭМЖИГЧТЭЙ ИЖ БҮРЭН КАМЕР БАЙРЛУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ онд “Яараад яахав дээ” уриатайгаар аяныг зохион байгуулж байна. Үүний хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулахаар олон ажил төлөвлөжээ. Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд дундаж хурд хэмжигчтэй иж бүрэн камер байрлуулахаар ажиллаж байгаа юм байна. Мөн жолоочоос гадна, зорчигчдын хариуцлага, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарлаа хандуулах аж.

Долоодугаар сарын 1-нээс эхлэн аравдугаар сарын 15 хүртэл улсын хэмжээнд тус арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор жолоочдын хариуцлагыг дээшлүүлэх үүднээс байнгын ажиллагаатай 62 пост, хөдөлгөөнт эргүүлүүд хяналт тавина.

“Жолооч танд тусалъя” аяны хүрээнд жолооч нарын машины салхины шилийг цэвэрлүүлнэ. Мотоцикл унаж хөдөлгөөнд оролцож буй хүмүүст хамгаалах малгай өмсөхийг шаардана.

Тээврийн хэрэгслээр зорчиж буй хүмүүс суудлын бүсээ зүүж явах шаардлагатай. Арын суудлын хамгаалах бүсийг зүүж явах ёстой гэсэн сануулгыг Цагдаагийн байгууллагын зүгээс өгсөөр байгаа. Автомашин осолдоход ард сууж яваа зорчигчид шидэгдэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс арын суудалд сууж буй хүмүүсийн бүсээ зүүсэн эсэхийг шалгана. Мөн үүний ач холбогдлыг таниулах зөвлөгөөг Цагдаагийн алба хаагч нар өгсөөр байна. Түүнчлэн өдрийн цагаар автомашинуудыг зогсоож машины гэрлийг нь шалгаж байгаа талаар ТЦА-наас мэдээлэв.

Орон нутагт насанд хүрээгүй хүүхэд мотоцикл унаж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар  тодруулахад, Бид шаардлагатай арга хэмжээг авч байна. Цагдаагийн байгууллагаас “Мотоцикл” сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан. Хэрэглээ нь байгаа нь болохоор малчид их хэрэглэж байна. Тиймээс стандарт батлахаар ажиллаж байгаа. Ингэвэл осол буурна гэж үзэж байна. Малчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ морь унадаг шигээ мотоцикл унаж байна. Шаардлагатай арга хэмжээг улам сайжруулна гэсэн тайлбар өглөө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн