ЭМЯ: 13 хүнээс коронавирус илэрлээ

 ЭМЯ: 13 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1635 иргэн ажиглалтад байна. Шинээр 383 хүн тусгаарлагдсан бол гурван хүн ажиглалтаас гарсан байна. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 иргэнд тандалт судалгаа хийжээ. Зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 228 дуудлага мэдээлэл иржээ. Шуурхай утасны аппликэйшнд  Франц, Англи, ОХУ, Швед ээс 15 иргэн холбогдож коронавируст халдварын мэдээлэл, эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХЯНАЛТ ТАВИНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Иргэдийн зүгээс зах, худалдааны төвийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна. Энэ бүлгийн хүмүүс бусад хүмүүст халдвар тараах, халдвар авах эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийнэ.

АЛТАНБУЛАГИЙН БООМТООР ИРСЭН 230 ЗОРЧИГЧООС 21-ИЙГ НЬ СЭЖИГТЭЙ ГЭЖ ҮЗЭН, ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн гурван лабораторид өчигдөр хийсэн шинжилгээгээр нийт 517 хүнээс 504-т нь коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 27-нд 13 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Тавдугаар сарын 26-нд Москва-УБ онгоцоор ирсэн 170 хүнд хийсэн давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ирсэн 340 хүний 12 хүний хариу эерэг гарсан. Батлагдсан тохиолдлын 10 нь халдвар авсан. Ихэвчлэн 17-20 насны, нэгдүгээр дамжааны оюутнууд халдвар авч байна.

Өнөө өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

БҮХ ЗҮЙЛ ХЯНАЛТАД БАЙГАА ГЭВ

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, тавдугаар сарын 27-нд нийт 517 хүнд хийсэн шинжилгээгээр 13 хүний хариу эерэг гарч, 504 хүнээс коронавируст халдвар илрээгүй байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн тухайд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд тусгаарлагдсан 352 хүнээс коронавируст халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс 19 хүний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч шинжлэхэд коронавируст халдвар илрээгүй. Түүнчлэн ажиглах байрт тусгаарлагдсан долоон хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 30 ачаа тээврийн жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ. Харин уг өвчний батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь ОХУ дахь нэгдүгээр дамжааны 17-20 насны оюутнууд байгаа бөгөөд тэд сургууль нь амарч, бөөгнөрлийг сааруулах зорилгоор дотуур байрнаас нь гаргасан зэрэг олон шалтгаанаар эх орондоо ирснийг ХӨСҮТ-өөс тодотгов. Тус эмнэлгийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор ирсэн зорчигчдыг галт тэргээр нийслэл рүү шилжүүлэн ХӨСҮТ болон тусгаарлах байруудад хяналтад авлаа. Бид чартер нислэгээр ирж буй иргэдээ сайтар хянаж байгаа тул бүх зүйл хяналтад байгаа гэдгийг хэлье” гэлээ.

ИРГЭДДЭЭ СОНОР СЭРЭМЖЭЭ АЛДАЛГҮЙ АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ, ГАРАА ТОГТМОЛ УГААХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Манай улсын хувьд гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөх тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс иргэддээ сонор сэрэмжээ алдалгүй амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна. Олон нийтийн газраас сэлгүүцэхгүй байх,  хүн хоорондын зай барих нь маш чухал юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн