Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

 Нийслэлийн 2,000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой камер суурилуулахаар болжээ

Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухаалаг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

-Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн удирдлага хяналттай ухаалаг телекамерын төв байгуулна. Улаанбаатар хотод 2010-2020 оны хооронд 3600 гаруй цэг дээр нийслэл болон улсын хөрөнгөөр камер суурилуулсан байдаг. Эдгээрээс 40 гаруй хувь нь олон жил болж ажиллагаагүй болсон, эвдэрч, гэмтэж чанарын шаардлага хангадаггүй камерууд байдаг.

Одоо байгаа камерууд нь тус тусдаа системтэй нэг дүүрэг, нэг хороонд 10 камерыг нэгтгэн нэг серверт байршуулаад явдаг. Гэтэл энэ үр дүнгээ өгөхгүй очоод шалгахаар камер байгаа боловч дүрс бичлэг байхгүй, дүрс бичлэг байсан ч тухайн бичлэг нотлох баримтын хэмжээнд харагддаггүй гээд олон зөрчил дутагдлууд байдаг.  Үүнийг шийдвэрлэхийн тулд бид камерын ухаалаг системд суурилуулж нэгдсэн удирдлага хяналттай болох зорилт дэвшүүлж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд  2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг ухаалаг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил Нийслэлийн 2,000 цэгт камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. 2,000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Үлдсэн 1,400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.

Цаашлаад 2021 онд хотын, суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6,822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн