Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

 Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.05.25/ Төрийн ордонд боллоо.

Уг хуралдааныг дууссаны дараа Улсын Онцгой комисс энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр хаалттай хуралдсан юм.  

Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах саналыг гаргасан ба Улсын Онцгой комиссын хаалттай хуралдаанаар асуудлыг хэлэлцээд, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгалаа.

Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. 


Түүнчлэн Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст дараах чиглэлийг өглөө. 

1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.

2. Ковид-19 халдварыг эмчлэх, илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарах шаардлагатай. 

3. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайдад үүрэг болгож байна.

4. Улс, нийслэл, аймгийн хэмжээнд халдварын эрсдлийн үнэлгээг хийж ажиллах шаардлагатай байна. 

5. Халдварын болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжийн бэлэн байдлыг хангах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. 

6. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах тал дээр заавар, зөвлөгөөг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, хамтарч ажиллах шаардлагатай байна. 

7. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, амны хаалтаа зүүх аяныг цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

8. Хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг түгээх нь чухал байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн