Орон нутгийн зарим замыг хаалаа

 Орон нутгийн зарим замыг хаалаа

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Сүхбаатар, Хэнтий аймгуудын замын хөдөлгөөний хязгаарлах шийдвэр гарсан бол Дундговь аймгийн онцгой комисс орон нутгийн замын хөдөлгөөнийг 10.00 цагаас хаах шийдвэр гаргажээ.


Нийт нутгаар өнөөдрөөс эхлэн гурав хоногийн туршид эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурна гэдгийг ОБЕГ болон УЦОШГ анхааруулж буй. Тодруулбал, өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрнэ.

Ойрын гурав хоногт болох байгалийн гамшигт үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26, 27-нд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй байх ажээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байв.

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоосон аж.

Мөн Сүхбаатар аймаг өглөөний 08.00 цаг, харин Хэнтий аймаг өглөөний 10.00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн