​Korean Air: Ирэх сараас Улаанбаатар руу нислэг үйлдэж эхэлнэ

 ​Korean Air: Ирэх сараас Улаанбаатар руу нислэг үйлдэж эхэлнэ

БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани ирэх зургадугаар сараас олон улсын 32 чиглэлийн нислэгээ сэргээж долоо хоногт 164 нислэг үйлдэж эхлэх талаар “Business Travel News” хэвлэл мэдээллээ.  

Нислэг сэргээх чиглэлүүдэд коронавирусийн тархалт харьцангуй бага байгаа Азийн орнууд ихэвчлэн багтжээ. Тухайлбал, Korean Air компани энэ сараас зүүн хойд Азийн бүс нутагт БНХАУ-ын Шэньян хот, Японы Токио хотын Наритагийн чиглэлийн нислэгээ дахин сэргээсэн. Тэгвэл ирэх сараас Улаанбаатар, БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Муданьжян, Чиндао, Яанжи хотууд руу, Тайванийн Тайпей руу хийх нислэгээ сэргээх аж. Харин зүүн өмнөд Азийн бүс нутгийн хувьд Тайландын Бангкок, Филиппиний Манила, Индонезийн Жакарта, Камбожийн Пном Пен хотууд руу хийж байсан нислэгээ өргөжүүлж Малайзын Куала Лампур, Мьянмарын Янгон, Вьетнамын Ханой, Хо Ши Мин хотууд болон Сингапур улс руу нислэгээ сэргээхээр болсон байна.

Мөн Европ тивээс Францын Парис, Английн Лондон, Германы Франкфурт, Голландын Амстердам хотуудад нислэгээ сэргээх бол Хойд Америкийн хувьд АНУ-ын Вашингтон, Сиэттл, Атланта, Чикаго, Нью-Йорк, Лос-Анжелас, Канадын Торонто, Ванкувер хотууд руу нислэгээ сэргээхээр болжээ. Харин ирэх зургадугаар сарын турш далайн бүсийн орнууд руу нислэгээ цуцалсан хэвээр байх аж.  

Тус компани нь дэлхийн 110 орны чиглэлд нислэг үйлддэг бөгөөд цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар ердөө 13 чиглэлд долоо хоногт 55 нислэг хийж байгаа юм. Ирэх сараас зарим нислэгүүдийг дахин сэргээх болсонтой холбоотойгоор “Korean Air”-ын зүгээс бүх зорчигчдын амны хаалт зүүх шаардлага тавьж байгаа аж. Мөн хөлгийн багийн гишүүд хамгаалах хувцас, нүдний шил, бээлийтэй үйлчлэхээр болсон байна.

Эх сурвалж: Business Travel News

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн