Танилц:Түрээслээд өмчлөх орон сууцны тухай мэдээлэл

 Танилц:Түрээслээд өмчлөх орон сууцны тухай мэдээлэл

Нийслэл анх удаа үнэт цаас гаргаж, гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах ажлыг эхлүүлэх болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 5000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон ч иргэд мөнгөгүй, урьдчилгаа төлбөргүйгээс борлогдохгүй, барилгын компаниуд ч хүндхэн нөхцөлд байгаа юм. Тодруулж хэлбэл, нийслэлээс үнэт цаас гаргах нь иргэдээ орон сууцжуулаад зогсохгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжсэн бодлого болно гэж хотын дарга тайлбарлаж буй.  Иймээс уг ажлын талаар тодруулж, сурвалжлага бэлтгэлээ.

Зах зээл дээр шинэ орон сууцны үнэ байршлаасаа хамааран өөр өөр үнэтэй. Орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 1.5-2.5 сая төгрөгийн үнэтэй байна. Харин Нийслэлийн орон сууцны корпораци/НОСК/ барилгын компаниудаас зах зээлийн хамгийн бага үнээр орон сууцыг нь худалдан авч, тэр хэмжээгээрээ бусад зардлуудаа тооцож, иргэдэд өндөр хүү үүрүүлэхгүй байхаар тооцон орон сууцжуулах бодлгыг хэрэгжүүлэхээ мэдэгдэв. 1500 айлын орон сууц худалдан авахад зориулж 100 тэрбумын үнэт цаас гаргах аж.

ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИ БАЙГУУЛЖ, БОНД ГАРГАНА

Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатар  “Зах зээл дээрээс орон сууц худалдан авч, иргэдэд түрээслээд өмчлүүлнэ гэдэг олон талын давуу талтай. Нэг талдаа бид барилгын салбарын бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орон сууцны борлуулалт нэмэгдвэл ажлын байр ч цаашдаа нэмэгдэнэ. Иргэдийг орон сууц түрээслээд өмчлөх хэлбэрт оруулах гэж байгаа гол санаа нь ипотекийн зээл иргэдэд их дарамт учруулж байна. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзсэн. Орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр нь орлогод нийцсэн орон сууцны нэг л төрөл нь юм. Энэ нь ипотекийн дараагийн үйлчилгээ гэж ойлгож болно. Манай корпорацийн дэргэд Ипотекийн корпораци тусгай зориулалтын компани байгуулж, үүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах юм. Улаанбаатар хотын хэмжээнд анх удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу бонд гаргаж байна гэсэн үг.

Уг бондын эргэн төлөлтийн тооцооллыг гаргасан. Барилгын компаниуд бэлэн мөнгөөр орон сууцаа борлуулж байгаа. Бид орон сууцыг олноор нь худалдан авч байгаа учраас зах зээлийн бөөний үнээр тендэр зарлаж, худалдан авна. Мэдээж хамгийн бага үнэ хэлсэн орон сууцыг худалдан авна. Тэр хэмжээгээрээ бусад зардлуудаа тооцож үзээд иргэдэд өндөр хүү үүрүүлэхгүй байхаар тооцсон. Бид түрээслээд өмчлөх орон сууцны орлогоо хүртэл тооцож, хоёр дахь зах зээлээс хөрөнгө босгохоор ажлаа төлөвлөөд байна. Бид сүүлийн гурав, дөрвөн сар ажлын хэсэг гарч, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтран ажилласан. Бид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эхний шийдвэрүүдийг гаргасан учраас энэ ажлыг эхлүүлж байгаа юм” гэв.

ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БЭЛЭН 55 М.КВ-ААС ДЭЭШГҮЙ ХЭМЖЭЭТЭЙ ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВНА

НОСК зах зээл дээр борлогдоогүй орон сууцны судалгааг улирал тутам хийдэг байна. Уг судалгаагаар түлхүүр нь бэлэн болчихсон 5200 айлын орон сууц байгаа бол 2020 онд ашиглалтад орох орон сууцтай нийлбэл 11.700 болох аж.

Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой гэнэ. Хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага байна гэдгийг албаныхан онцолж байлаа.

“Буянт-Ухаа 972” түрээсийн орон сууцны бүртгэлд хамрагдсан 35058 иргэний 87.8 хувь түрээсэлж өмчлөх хэлбэрийг сонгож бүртгүүлсэн. Мөн зах зээл дээр борлогдоогүй орон сууцыг эргэлтэд оруулах, цаг хугацааны хувьд хурдан хэрэгжих боломжтой гэдгийг Б.Сүхбаатар хэлсэн юм. Төслийг хэрэгжүүлэхдээ зах зээл дээрх бэлэн 55 м.кв-аас дээшгүй хэмжээтэй орон сууцуудаас худалдан авахаар төлөвлөжээ.

Мөн тус хорооллын байранд хамрагдсан, түрээс төлж буй иргэдийн хувьд ам метрээсээ шалтгаалж, түрээсийн төлбөрт харилцан адилгүй үнэ төлдөг. Тодруулбал, 1 ам метрийн үнийг 6500 төгрөгөөр тогтоосон юм. Харин нийслэлээс бонд гаргаж, иргэдэд түрээслээд өмчлүүлэх орон сууцны 1 ам метрийн үнэ хэд байх вэ гэдэг урьдчилсан үнэ хараахан гараагүй байна.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 1500 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАМРАГДАНА

Эхний ээлжинд Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр ажиллаж буй 1300-1500 орчим төрийн албан хаагчдыг дэмжих гэнэ. Ингэснээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны ажилтан, албан хаагч, цагдаагийн албан хаагч, хорио цээр, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн албан хаагч гэх мэт 1500 орчим төрийн албан хаагчийг хамруулах юм байна.

“Дараагийн шатанд бид иргэд рүүгээ чиглэсэн байдлаар ажиллана. Тэр дундаа гэр хорооллын иргэдээ орон сууцжуулж, нэг яндан, нүхэн жорлонг бууруулах зорилгоор ажиллаад явна. Мөн Улаанбаатар хотод “Орлогод нийцсэн ногоон орон сууц” гээд төсөл хэрэгжүүлж, үүний хүрээнд гадны хөрөнгө оруулалтын донор байгууллагуудаас 270 сая ам.доллар босгоод байна.

Иргэд орлогод нийцсэн орон сууц гэхээр хямд орон сууцанд хамруулна гэж буруу ойлгодог. Тухайн иргэний гэр бүлийн орлогод нийцүүлэн, орон сууцтай болох бололцоогоор л хангана гэсэн үг. Та аль орон сууцны хороолол, байршилд хэдэн өрөө байр худалдан авч, хэдий хугацаанд өөрийн өмч болгохыг л хэлж байгаа юм.

Бид цаашдаа орон сууцаа түрээслээд өмчлөх 15 жилийн хугацааг 20, 30 жил болгон сунгахаар ажиллана. Бид өнгөрөгч 2019 онд анх удаа “Буянт-Ухаа-2” орон сууцны хороололд 700 орчим айлд түрээслээд өмчлөх хэлбэрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлж, орон сууцанд хамруулан газар чөлөөлөлтийг хийгээд эхэлсэн. Орон сууцны бодлого хот, улсын бодлого байдаг. Тиймээс энэ удаа орон сууцны бодлого цогцоороо явж байна гэж ойлгож болно. Эхний ээлжинд УИХ-аас баталсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид өнөөдөр төрийн албан хаагчдад бэлэн байрны түлхүүр гардуулах гэсэнгүй. НОСК-ийн зүгээс барилгын компаниудаас байр худалдан авч, иргэдээ сонгон шалгаруулна. Нөгөө талдаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа гаргаж, арилжаалах процесс болоход тодорхой хугацаа шаардана. Тухайн орон сууцны байршил, талбайн хэмжээнээсээ хамаараад түрээсийн үнэ харилцан адилгүй байна” гэдгийг Б.Сүхбаатар дарга хэлж байв.

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн даваа гаригт /2020.05.11/ мэдээлэл хийх үеэрээ “Нэг өрх орон сууцанд орсон бол яндангийн тоо мөн дагаад буурах ёстой. Ийм зарчмаар гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Гэвч УИХ-аас баталсан тогтоол шийдвэрээ дагуулна гэдэг нь Covid-19 цар тахлын үеэр ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг л орон сууцжуулах бодлого хэрэгжих нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг болох гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах бодлого хэрэгжиж чадахгүйгээр бүрэн эрх нь дуусах нь тодорхой болж буй юм. Учир нь зах зээлд борлуулагдаж байгаа орон сууцны үнэ дийлэнх нь өндөр үнэтэй. Зөвхөн Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн захилгаар барьсан “Буянт-Ухаа-2” орон сууцны үнэ хамгийн хямд байсан юм. Учир нь газрыг нь төрөөс шийдэж өгсөн. Харин компаниудын барьсан орон сууц нь газраа өндөр үнэтэй худалдаж авахаас эхлээд төрийнхөнд хээл хахууль өгч арайчүү орон сууц барьж ашиглалтад оруулдаг. Тиймээс ТОСК-ийн бариулсан хэмжээний үнэтэй хямд орон сууц НОСК худалдан авах боломжгүй гэдэг нь тодорхой болж байна. Дээр нь НОСК-ийн дарга Б.Сүхбаатар “Иргэдийн орлогод нийцсэн орон сууц гэхээр хямд үнэтэй орон сууцанд хамруулна гэж буруу ойлгодог. Тухайн иргэний гэр бүлийн орлогод нийцүүлэн орон сууцтай болгох боломжийг олгоно” гэсэн нь зорилтот хэсгийг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэх боломжгүй байгаа гэдгээ нэгэнтээ баталсан хэрэг болоод байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн