ГХЯ: Энэ сарын 14,15-нд ОХУ-аас 400 гаруй иргэнээ татан авна

 ГХЯ: Энэ сарын 14,15-нд ОХУ-аас 400 гаруй иргэнээ татан авна

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Ойрын хугацаанд БНЭУ, Турк улсаас иргэдээ татан авна. Тодруулбал, маргааш Улаанбаатар-Истанбул чиглэлд МИАТ-ээс нислэг үйлдэж иргэдээ авч ирнэ. Истанбулаас 170 гаруй иргэнээ татаж авч ирнэ. Улмаар тавдугаар сарын 14-нд Улаанбаатарт газардана. 

Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ оюутнуудаа авч ирнэ. Эхний ээлжинд тавдугаар сарын 14-ны өдөр Улаан-Үдээс 202 иргэнийг авч ирэх төлөвлөгөөг гаргасан. Тавдугаар сарын 15-ны өдөр Эрхүүгээс 200 орчим оюутан, сурагч, иргэдээ татан авахаар шийдвэрлээд байна. Алтанбулаг боомтоор оруулж ирнэ. Тусгаарлах байрны тайлбар, коронавирусийн халдварын шинжилгээ зэрэг тавигдах шаардлагууд хэвээрээ байгаа. 

Тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатараас БНЭУ руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Дели дэх Элчин сайдын яам иргэдийн нэрсийг баталгаажуулах ажил хийгдэж байна. Өмнө нь иргэд Элчин сайдын яаманд хүсэлтээ гаргаад ЭСЯ нэрээ баталгаажуулаад МИАТ компанид нэрийг нь өгөөд билетээ баталгаажуулдаг байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас хойш иргэд ЭСЯ-нд хүсэлтээ гаргаад, гаргасан нэрсийн жагсаалтыг УОК-ын тавьсан хүндэтгэх шалтгаанаар ангилж, эрэмбэлээд УОК-ын Шуурхай штабад ирүүлнэ. Ирүүлсний дараа Шуурхай штабын ажлын хэсэг нэрсийг эцэслээд Шуурхай штабын даргын чиглэлийн дагуу МИАТ компанид нэрсийг эцэслэн өгч байгаа. Үүний дараа зорчигчдын нэрс баталгаажиж байгаа” гэлээ. 

-Японд байгаа иргэдээ татан авах уу? 

-Токио дахь ЭСЯ-наас мэдээллийг тухай бүр өгч байгаа. Нутаг буцах иргэдийн тоо 1000 гарсан. Иргэдийн зүгээс бухимдаж байна гэсэн мэдээллийг өдөр бүр өгч байна. Японоос хоёр ч удаа нислэг үйлдэж, иргэдээ татан авсан. Мэдээллийн эхэнд хэллээ. Нийт 46 улсаас 10 мянга гаруй иргэд ирэх хүсэлтээ өгөөд байна. Аль болох олон орноос иргэдээ татан авах боломжийг харж байна. Японд байгаа иргэдийг ойлгож байгаа. Тиймээс дараа дараагийн онгоцоор Япон дахь иргэдээ авч ирэх төлөвлөгөөг тусгуулж ажиллаж байна. 

-Казакстанд байгаа иргэдээ яах вэ? 

-Казакстанд 1097 оюутан болон түр хугацаагаар оршин сууж байгаа иргэдийн хүсэлт ирсэн. Хүсэлтийг шийдэх боломжийг судалж байна. Ихэнх улс орон хөл хорио тогтоосон, хилийн хязгаарлалт хийсэн энэ цаг үед амаргүй байгаа ч бид байж болох бүх боломжийг судалж байна. Шуурхай штабаас дараа дараагийн нислэг үйлдэх боломжоо тусгаарлах байрны нөөцтэйгээ уялдуулж байна. Тусгаарлах байрны нөөцтэй холбоотой нэмэлт ажил хийгдэж байна. Харамсалтай нь, яг норм стандарт хангасан байр бас алга байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн