КОВИД-19 | Азийн орнуудад хоёр дахь давлагаа эхэлсэн байж магадгүй

 КОВИД-19 | Азийн орнуудад хоёр дахь давлагаа эхэлсэн байж магадгүй

Дэлхий дахинд АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ, Герман, Бразил, Турк, Франц, Иран улсад коронавирусний халдварын тархалт хамгийн өндөр байна. Европын бүсэд ОХУ, Америкийн бүсэд АНУ, Бразилд тархалт хамгийн өндөр байгаа юм. АНУ-д 1.3 сая гаруй хүн халдвар авснаас 250 мянга орчим нь л эдгэрчээ. АНУ-д өнгөрсөн бямба гарагт хоногт 26 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 1731 нас баралт бүртгэгдсэн байна. Нью-Йорк, Нью Жерси, Мичиган, Иллиной мужид халдварын тархалт, нас баралт хамгийн өндөр байгаа аж. мөн Калифорнид төрсөн өдрийн үдэшлэгт оролцсон 100 гаруй хүн коронавирусээр халдварласан байна.

Тэгвэл Орост хоногт 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 209 мянга гаруй хүн халдвар авч, 1915 хүн энджээ. Гэхдээ хүн амын дунд өргөн хүрээнд шинжилгээ хийх хүчин чадал хомс байгаа учир халдварын тоо үүнээс ч илүү байхыг үгүйсгэхгүй гэдгийг хойд хөршийн эрүүл мэндийн байгууллагынхан хэлж байна.

Иранд шинэ тохиолдлын тоо өдөрт 1500 орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрөөс /2020.05.11/ эхлэн тав хоногийн туршид найман мужид бүх ажил үйлчилгээг хязгаарлаж, хянах шийдвэр гаргажээ.

Их Британид хөл хориог аажмаар сулруулж, гэрээсээ ажиллах боломжгүй ажил мэргэжлийн хүмүүс ажилдаа явж эхлэх аж. Харин олон нийтийн дунд бие биеэсээ зайтай байх дүрмийг сайтар мөрдөх талаар сануулжээ.

Европоос Итали, Испани, Францад халдварын тархалт буурч байгаа аж.

Хятадад өнгөрсөн бямба гарагт хоногт 14 шинэ тохиолдол илэрсний 12 нь дотоодын халдвар, хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол юм. Дотоодын халдварын 11 нь Жилинь мужид, үлдсэн нэг нь Хубэй мужид илэрчээ.

Азийн орнуудаас Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Хятадад сүүлийн гурван өдөр дараалан халдвар нэмэгдэж байгаа нь Европ, АНУ-аас ирсэн хоёр дахь давлагаа байж магадгүй аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн