Moody’s Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг СӨРӨГ болгон буурууллаа

 Moody’s Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг СӨРӨГ болгон буурууллаа

Олон улсын үнэлгээний агентлагуудын нэг Moody’s” Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг  “Тогтвортой” төлөвөөс “Сөрөг” болгон бууруулсан байна.

Хэдийгээр урт хугацааны зээлжих чадварыг В3 ангилалд хэвээр үлдээсэн ч 2024 он хүртэлх дөрвөн жилийн  хугацаанд  14.4 тэрбум ам.долларын өр төлбөрийг дахин санхүүжилт хийж, шийдэхээс өөр сонголтгүй манай тухайд Засгийн газрын зээлжих зэрэглэл буурах нь  муу мэдээ.

Сүүлийн тооцооллоор Монгол Улсын гадаад өр 30.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа.


Нийт өрийн 24.4 хувь нь Засгийн газрын өр байна. Тодруулбал:

Гадаад үнэт цаас 2.9 тэрбум ам.доллар

  • Чингис бонд 1,000 сая ам.доллар
  • Мазаалай бонд 500 сая ам.доллар
  • Хуралдай бонд 600 сая ам.доллар
  • Гэрэгэ бонд 800 сая ам.доллар
  • Хуримтлагдсан хүү 34.1сая ам.доллар

Гадаад хөнгөлөлттэй зээл 4.3 тэрбум ам.доллар

  • Зам, тээвэр
  • Эрчим хүч
  • Эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Боловсрол гэх мэт

Бондын эргэн төлөгдөх хугацаа болон мөнгөний хэмжээг тодотгоё

2021 онд төлөгдөх “Мазаалай бонд”

  • 500 сая ам.доллар, 10.875 хувийн хүүтэй

2022 онд төлөгдөх “Чингис бонд”

  • 1,000 сая ам.доллар, 5.125 хувийн хүүтэй

2023 онд төлөгдөх  “Гэрэгэ бонд”

  • 800 сая ам.доллар, 5.625 хувийн хүүтэй

2024 онд төлөгдөх “Хуралдай бонд”

  • 600 сая ам.доллар, 8.75 хувийн хүүтэй

Moody’s” манай Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулах болсон үндэслэл нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт хумигдаж, экспорт буурсны улмаас урсгал дансны алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувьд хүрнэ гэж тооцсонтой холбоотой. Коронавирустэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувьтай тэнцэнэ гэсэн тооцооллыг тус агентлаг мэдээлэлдээ дурдсан байна. Мөн гадаад валютын нөөцийн хэмжээ 2020 оны эцэс гэхэд 1.4 тэрбум ам.доллароор буурч, гурван тэрбумд хүрнэ гэсэн үзжээ. 

Эхэнд хэлсэнчлэн энэ оноос эхлэн олон тэрбум ам.долларын өр төлбөр төлөхийн тулд өрийг өрөөр санхүүжүүлэхээс өөр сонголт байхгүй.  Гэтэл одоо коронавирустэй холбоотойгоор олон улсад хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж байгаа. Ийм үед Засгийн газрын төлөв буурчихлаа.

Улсын эдийн засаг, зээлжих зэрэглэлтэй шууд холбоотой. Гадаад зах зээл дээр өөрсдийн нэр сүр, нүүр царайны толь болж үзэгдэх ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ-дээ анхаарч, ахиулах тал дээр идэвх гаргах нэн шаардлагатай гэдгийг бид хэлж ярьсаар л өдийг хүрсэн. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ манайхыг “Саарал жагсаалт”-д багтаасан нь зээлжих зэрэглэл тогтоогч  агентлагуудын  дараа дараагийн дүгнэлтүүдэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг дагуулсан. Хэдийгээр уг шийдвэрийн дараа  “S&P” бидэнд ая таатай хандаж, манай төлөвийг хэвээр үлдээсэн ч цаашид нөхцөл байдал амаргүй болох шинжтэй байна.

2019 оны тухайд  төсвийн үзүүлэлт болоод эдийн засгийн өсөлт боломжийн байсан учраас үнэлгээний агентлагууд “ширүүлж” чадаагүй гэхэд болох байх.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлын хувьд төсвөө  хоёр их наядын алдагдалтай баталсан дээр нэмэгдээд цар тахалтай холбоотойгоор зургаан их наяд төгрөгийн зардалтай шийдвэрүүдийг засгаас гаргасан. Хэдийгээр дэлхийн улс орнууд бүгд л цар тахлын эсрэг төсөв, мөнгөний бодлогын шийдвэрүүд гаргаж буй ч манай тухайд зээлжих зэрэглэл буурахад нөлөөлөх том хүчин зүйл  болж таарч байна.

Сануулахад, Moody’s агентлагаас 2019  оны зургаадугаар сард манай улстай холбоотой хэвлэлийн мэдэгдэл гаргахдаа “Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч Монгол Улсад гараад буй зарим ахиц дэвшил нь тус улсын эдийн засагт тулгарч буй гадаад болон дотоод сорилтуудын улмаас 2019-2020 онд алдагдаж болзошгүй. Монгол Улсын эдийн засаг нь БНХАУ руу гаргах түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай байдаг. БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаагаас шалтгаалан Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2019 болон 2020 онд саарах төлөвтэй байна. Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд нь Монгол Улсад нэмэлт сорилтуудыг бий болгож байна” гэж байсан. Мөн 2020 онд болох УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр Монгол Улсын төсвийн алдагдал 2019 болон 2020 онд нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж байв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн