М.Энхболд: Майдар хот байгуулах төсөл гэнэт орж ирлээ

 М.Энхболд: Майдар хот байгуулах төсөл гэнэт орж ирлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.05.08/-ийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Майдар зэрэг  хот байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Хот бол хүн амын тоо харгалздаг. Хэдэн хүн амтай хот болно гэж тооцож байна вэ. Хот хүн амын бөөгнөрөл үүссэний дараа хот гэж нэрлээд явж ирсэн. Эзэнгүй тал дээр хот байгуулах асуудал, бодлогоор байгуулах нь ямар байх вэ. Хэд хэдэн хүнтэй хот байгуулагдана гэж төлөвлөсөн бэ6

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН:

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд манай яамнаас саналаа илэрхийлсэн байгаа. УИХ дээр Хот байгуулалтын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж амжих эсэх нь эргэлзээтэй байна. Хот байгуулалтын асуудал жам ёсоороо, суурьшлаасаа шалтгаалж хот байгуулагдаж байгаа бол нэг нь шийдэл гаргаад хот байгуулж байна. Өнөөдөр бид шийдлээ гаргаж, гаргасан шийдлийн дагуу бүтээн байгуулалтаа хийж, хот байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Майдар, Аеросити хотуудад хэдэн хүн байх талаар тодорхой төлөвлөгөө байхгүй байгаа. Аеросити гэх хот байгуулахаар болж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байгаа. Майдар хот дээр хот байгуулалтын иж бүрэн судалгаа, байгаль орчны үнэлгээ хийхээр ажиллаж байна. Энэ хоёр хотыг байгуулах төлөвлөлтийн түвшний ажил хийгдэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД:

-Энэ тогтоолын төсөл гэнэт орж ирлээ. Жаахан нухацтай судалж, оруулж ирэх ёстой байсан болов уу гэж би бодож байна. Үндсэн хууль хэлэлцэж байх үед Дархан-Уул аймаг, Эрдэнэтийг хот болгох асуудлыг гишүүд дэмжиж байсан. Улаанбаатар хотын хүндрэлийг багасгах зорилгоор энэ хоёр хотыг байгуулж байгаа юм шиг үндэслэлдээ бичжээ. Аеросити бол Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаатай холбоотой энэ хотыг байгуулж байгаа учраас энэ агуулгыг нь оруулах нь зөв болов уу. Мөн зөвхөн барьж байгаа хоёр хотын асуудлыг Засгийн газар анхаарах даалгаврыг өгөхөөр тусгажээ. Гэхдээ энэ хоёр хот байгуулагдах Төв аймаг бол 18-20 мянган хүн амтай, Сэргэлэн сум 2088-3000 орчим хүн амтай хот байгаа. Энэ үүднээс одоогийн байгаа орон нутаг, шинэ хот хоорондын уялдаа холбоог тодорхой тусгамаар байна. Энэ хоёр хотын төлөвлөгөө батлахад дэд бүтцийн хөгжил дээр нь орон нутагтай нь холбох, аялал жуулчлалын бүс нутгийн хувьд яаж уялдаа холбоог нь нэмэх вэ. Аеросити гэхэд 80 мянган хүн суурьшина гэж тооцоход нисэх буудлаас бусад ажлын байрыг, эдийн засгийн хувьд ямар байдлаар зохицуулалт хийх вэ. Одоо байгаа сум, суурингийн газрын асуудлыг давхар шийдээд, тогтоолдоо тусгаад явах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хуулийн 69.4-т Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журам нь Үндсэн хуультай адил хүчин чадалтай гэж үзнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг батлах хүртэл хуучин хууль хүчин төгөлдөр байж, УИХ хуваарийг батлахаар тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн тавдугаар сарын 25-аас хойш хэрэгжихээр зохицуулсан. Засгийн газар огцрохгүй, хууль эрх зүйн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй.

Ингээд тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн