​АНУ-д ‘COVID-19’-ийг судалж байсан Хятадын эрдэмтэн алагджээ

 ​АНУ-д ‘COVID-19’-ийг судалж байсан Хятадын эрдэмтэн алагджээ

Коронавирусийн судалгаа хийж байсан  Хятад эрдэмтэн АНУ-д сэжигтэй байдлаар амь насаа алдсан явдал нь “COVID-19”-ийн гарал үүслийн талаарх маргаанд ихээхэн эргэлзээ төрүүлж эхлээд байна.

Тодруулбал, АНУ-ын Питсбургийн их сургуулийн профессор Бинг Лиу өнгөрөгч бямба гаригт гэртээ нас барсан байдалтай олдсон юм. Пэнсилван мужийн Росс хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр 37 настай тэрээр толгой, хүзүү, цээж, хэвлий тус газраа хэд хэдэн удаа буудуулж шархадсаны улмаас нас барсан байна. Мөн Бинг Лиугийн гэрийн ойролцоо машиндаа өөрийгөө буудаж хөнөөсөн байдалтай хоёр дахь эрэгтэй хүний цогцос олдсон юм. Шинжээчид хоёр дахь хүн мөн Хятад гаралтай, программ хангамжийн инженер, 46 настай Хао Гу гэгч болохыг тогтоосон байна.  Цагдаа нар Хао Гу эхлээд Бинг Лиуг гэрт нь хөнөөгөөд дараа нь өөрийгөө хөнөөсөн гэж үзэж байгаа аж.

Уг хэрэгт томилогдсон мөрдөгч Брайан Колгэпп “Хохирогчид бие биенээ таньдаг байсан гэж үзэж байгаа. Одоогоор Профессор Бинг Лиуг хөнөөх болсон шалтгаан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болсон уу эсвэл өөр шалтгаан байсан эсэхийг мэдэхгүй” гэжээ.

Гэсэн ч түүний ажиллаж байсан Питсбургийн их сургууль эмгэнэл илэрхийлэх албан ёсны мэдэгдэлдээ “Профессор Бинг Лиу SARS-CoV-2 халдварын эсийн механизм ба эсийн төвшин дэх хүндрэл үүсгэх хүчин зүйлсийн талаар маш чухал ач холбогдолтой нээлтүүд хийх гэж байсан” талаар дурдсан явдал нь энэхүү аллага зориуд үйлдэгдсэн гэх таамаг олон нийтийн дунд байгаа юм. Бинг

Лиу нь БНХАУ-д төрсөн. АНУ-д судалгааны ажил хийж эхлэхээсээ өмнө Сингапурт компьютерын шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалаад байжээ. Тэрээр биологчид болон клиникчидтэй хамтран хүний дархлааг судалдаг байсан гэдгээс өөр тодорхой хувийн мэдээлэл байхгүй аж.

Мөрдөн байцаагчид хэргийг шалгах явцад Бинг Лиу болон Хао Гу нар удаан хугацааны турш дотно харилцаатай байсан бөгөөд хосуудын зөрчлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх дүгнэлтийг хийсэн талаараа мягмар гаригт мэдээлсэн юм. Мөн мужийн цагдаагийн байгууллага мягмар гаригт аллага профессор Бинг Лиугийн судалгааны ажилтай холбоотой үйлдэгдсэн гэх ямар ч нотлох баримт олдоогүй гэжээ.

Харин Хятадын цахим орчинд профессор Бинг Лиу “COVID-19”-ийг АНУ-ын эрдэмтэд лабораторид гарган авсан гэх нотлох баримтыг олсон учир алагдсан гэх маргаантай таамаг олны анхаарлыг ихээр татаад байгаа аж. БНХАУ-ын нэр бүхий томоохон судлаачид үүнээс өмнө уг вирусийг АНУ-ын эрдэмтэд лабораторид гарган авч, цэргүүдээрээ дамжуулан Уханьд биологийн зэвсэг болгон ашигласан гэх мэдэгдлийг хийгээд байв. Хятадын Коммунист намын гол хэвлэл болох “Global Times” сонинд түүний үхэлтэй холбоотой олон янзын таамаг бүхий хэд хэдэн нийтлэл хэвлэгдсэн байна. Улс төрийн ажиглагчид энэхүү үйл явдлыг Бээжингийн тал АНУ-ын Ерөнхийлөгч болон Цагаан ордны зүгээс коронавирусийн гарал үүсэлтэй холбоотой сүүлийн өдрүүдэд хийсэн мэдэгдлүүдийн эсрэг гол сэдэв болгон ашиглах хандлагатай байна гэж дүгнэжээ.

Эх сурвалж: CNN, BBC

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн