Манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон гэдгийг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрлөө

 Манай улс Европын холбооны хар жагсаалтад орсон гэдгийг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрлөө

Өчигдөр Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орох гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээлэл хийхдээ “Энэ тухай албан ёсны мэдээлэл ирээгүй” гэсэн юм. Харин өнөөдөр энэ жагсаалтад орсон нь тодорхой болж байна. УИХ-ын гишүүний хуралдааны үеэр Ж.Батзандан гишүүн “Дөнгөж сая “Ройтерс” агентлаг Монгол, Барбадос, Камбож, Ботсван, Ямайка, Зимбабе улсууд Европын холбооны хар жагсаалтад орсон талаар мэдээллээ. Шалтгаан нь мөнгө угаадаг орон. Хар тамхины мөнгөө төр нь санаатайгаар угаадаг орон гэдэг шалтгаанаар орсон байна. Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг шийдэхгүй байгаа чинь асуудал дагууллаа. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах зорилгоор 400 сая долларыг хууль бусаар Орос руу гаргасан гэдэг шалтгааныг тооцсон байна. Гуравдугаарт, хууль хяналтын байгууллага дээр шийдэхгүй байгаа 23 том хэргийг чинь ярьсан байна” гэлээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Батзандан гишүүний дуулгасан мэдээлэл үнэн гэдгийг баталлаа. Тэрээр “Монгол Улс саарал жагсаалтад орсон. Европын холбооны хар жагсаалтад бас орсон. Банк санхүүгийн салбарт реформ хийх асуудал дээр Б.Батөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд хар, саарал жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, цахим банкны тогтолцоог бий болгох, ил тод банк санхүүгийн зуучлалын үйлчилгээг хөгжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн