Чингэлтэй дүүргийн 150 мянган оршин суугч хатуу хөл хорионд орно

 Чингэлтэй дүүргийн 150 мянган оршин суугч хатуу хөл хорионд орно

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хүмүүсээ бэлтгэх нь нэн тэргүүний асуудал болоод байгааг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тэмдэглэв.

Тэрбээр, “Мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн сонсоорой. Эрсдэл өндөр байна. Цар тахал цаг хугацааны асуудал болоод байна. Тиймээс мэргэжлийн байгууллагын уялдаа холбоог хангах үүднээс энэ сарын 6-8-нд томоохон дадлага сургууль зохион байгуулна. Сургууль хоёр үндсэн хэлбэрээс бүрдэнэ. Эхнийх нь танхимын сургалт буюу штабын дадлага. Энэ хэсэгт цар тахлын нөхцөл хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг хөндөж ярилцсан гурван өдрийн сургалт болно. Монгол Улсын шадар сайд сургалтад хамрагдаж буй мэргэжлийн хүмүүстэй цахимаар холбогдоно. 

Хоёр дахь нь энэ сарын 7-нд зохион байгуулах бодит дадлага сургууль. Энэ хэсэгт 08-18 цагийн хооронд зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар хорио тогтооно. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хүмүүсээ бэлтгэх нь нэн тэргүүний асуудал болоод байгаа учир дадлага сургууль хийж байгаа юм. Үүнийг ард иргэд маань ухамсарлаж, ойлгож оролцоорой. Энэ хугацаанд Чингэлтэй дүүргийн ард иргэд гэртээ байж, бусад дүүргээс Чингэлтэйд нэвтрүүлэхгүй. Чингэлтэй дүүргийг заагаар бүрэн хамгаалалт гарна. Мөн томоохон гудамж, уулзварууд дээр цэргийн алба хаагчид, техник хэрэгсэл зогсох учир ард иргэдийг айж цочилгүй тайван байхыг хүсье.

Энэ өдөр бид хүндэрсэн нөхцөлд ард иргэдэд хоол хүнс хүргэх гэх мэт бусад улс орны туршлага болон өөрсдийн төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлж үзээд ямар хүндрэл бэрхшээл үүсэх нь вэ гэдгийг урьдчилж харах гэж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “63,9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорионд оруулна. Манай улс газар хөдлөлт болон бусад гамшгийн үеийн дадлага сургууль, туршлага бий. Харин цар тахлын үеийн нийгэмд чиглэсэн дадлага сургууль анх удаа хийх гэж байна. Чингэлтэй дүүргийн 2000 гаруй төрийн албан хаагч сүүлийн долоо хоногийн хугацаанд хөл хорио тогтоох бэлтгэл хангаж байна. Тиймээс нэг өдрийг гэртээ хөл хорионд өнгөрөөхийг дүүргийнхээ иргэдээс хүсэж байна” хэмээв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн