“Коронавирустэй холбоотойгоор сонгуулийн зардал дөрвөн тэрбумаар нэмэгдэнэ. Үүнийг Засгийн газраас гаргах боломжтой”

 “Коронавирустэй холбоотойгоор сонгуулийн зардал дөрвөн тэрбумаар нэмэгдэнэ. Үүнийг Засгийн газраас гаргах боломжтой”

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хурлаар “Алсын хараа 2050 хөтөлбөр”-ийг хэлэлцсэн байна. Уг баримт бичгийг ойрын үед хэлэлцэн батлах шийдвэр гаргажээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Сонгуулиас өмнө “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг батлах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлыг хэсгийг байгуулсан. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг энэ парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050” баримт бичгийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн дараа орох хамгийн том бодлогын бичиг баримтын хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж УИХ-д тодорхой санал хүргүүлж байна.

Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?

-Сонгуулийн хуулиар нэр дэвшилт энэ сарын 10-16-ны хооронд явна. Манай намын Бага хурал 15-16-ны хооронд хуралдаж нэр дэвшигчээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д хагарал гэж байхгүй. Сонгуулийн өмнө ямар ч асуудалгүй эв нэгдэлтэй байгаа. Манайх нэр дэвшүүлэхдээ баримтлах хэдэн зарчим бий гэж манай намын дарга хэлсэн. Энэ зарчмын дагуу нэр дэвшигчдээ тодруулж байгаа.

-Нөхцөл байдалтай уялдуулаад сонгуулийн зардал өсч байгаа. Санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

-Энэ жилийн сонгууль нөхцөл байдлын хувьд хүндэрч магадгүй байгаа. Коронавирусийн цар тахал хэвийн хэмжээндээ байвал сонгуулийн сурталчилгаанд нөлөөлөх зүйлүүд байгаа. Коронавирусийн эсрэг хуулийг УИХ баталсан. Энэ хуульд тодорхой хязгаарлалт хийж өгсөн. Засгийн газар, СЕХ энэ чиглэлээр ажиллаж байгаа.

Өнөөдрийн нөхцөлд сонгууль явуулбал сурталчилгаа хэрхэн явуулах, хязгаарлалтын дэглэм хэрхэн явуулах, хүн амыг сонгуульд ороход хязгаарлалтын дэглэм хэрхэн барих талаар СЕХ санал боловсруулсан байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан. Үүнийг Засгийн газарт танилцуулсан. Коронавирустэй холбоотой нэмэгдэж байгаа зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Сурталчилгаа хэрхэн явуулах вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр УОК тодорхой шийдвэр гаргана.

-Сонгуулийн зардал хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

-СЕХ-ноос дөрвөн тэрбум гэсэн. Үүнийг Засгийн газраас гаргаад явах боломжтой гэж үзэж байгаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн