С.Амарсайхан: Бар, караокег тодорхойгүй хугацаагаар хаалаа

 С.Амарсайхан: Бар, караокег тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийслэлийн онцгой комиссын өнөөдөр /2020.05.04/-ийн хуралдаанаар бар, караокены үйл ажиллагааг хязгаарлалаа. Энэ талаар Хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр коронавирусийн халдварын нөхцөл байдал намжих эсэхийг харж байж бар, караокег нээх асуудлыг ярих хэрэгтэй гэдгийг тодотголоо.

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН:

-Бид баар, караоке нээхдээ холбогдох газрууд хяналт тавьж ажиллана. ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллахыг мөрдүүлнэ гэж захирамж гаргасан. Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нэг ч гэсэн хүн ажилдаа орж өрх гэрээ тэжээхэд дэмтэй гэсэн үүднээс нээх захирамж гаргасан. Өмнө нь фитнес, халуун ус, амралтын газруудыг гээд нээсэн. Эдгээр газрууд заавар, зөвлөмжөө сайн дагаж байгаа тул одоогоор асуудал гараагүй байна гэж итгэж байна. Сургалтын төвүүдийг нээх, хаах эсэхийг Нийслэлээс шийдэхгүй. Бид нээх саналаа УОК-т хүргүүлсэн байгаа. Ресторанууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин шөнийн цэнгээний газар, бааруудад нэг ч гэсэн хүн ажил орлоготой байг гээд ААН-үүд боломж олгосон ч харамсалтай нь ААН-үүд өөрсдөө дүрэм журмаа дагаж мөрдсөнгүй. ААН-үүд өөрсдөө бэлэн биш байгаа юм байна.

Хэзээ ямар түвшинд, хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх, халдвар өвчин хэзээ намжих эсэхийг харж байж баар цэнгээний газруудыг нээх асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

СОVID-19 халдварын үед ажиллах журмыг зөрчсөн баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг холбогдох албаны мэргэжилтнүүд мэдэгдлээ.

Сургалтын байгууллагуудын танхимын бус сургалтуудын үйл ажиллагааг нээсэн. Танхимын сургалтыг нээх талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар өнөөдөр ярилцаж тодорхой шийдвэр гаргана гэж хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.

Сануулахад, Улсын онцгой комисс өнөөдөр 16.00 цагт хуралдаж, зарим шийдвэрийг гаргах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн