Ажилгүй болсон иргэд ажлын багаж хэрэгслээ ЖАГСААЖ байна

 Ажилгүй болсон иргэд ажлын багаж хэрэгслээ ЖАГСААЖ байна

МҮХАҮТ-аас тавдугаар сарын 1-ний энэ өдрийг  “Ажлын байрны өдөр” болгон зарлаж,  коронавируснээс хамааран эдийн засагт  үүссэн хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг яг одоо зохион байгуулж байна.

Коронавируснээс үүдэн ажлаа алдсан иргэд ажлын багаж хэрэгслээ Спортын төв  ордны өмнөх талбайд  байрлуулсан байна. МҮХАҮТ үүнийг  “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”  гэж тодотгож буй юм.

Өнөөдөр 8:30-17:00 хооронд Спортын төв ордны өмнө болж буй  “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүд тавигдаж,  цар тахлын үед ажлын байрны цомхотголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулах юм.

Тодотгоход,  тавдугаар сарын 1-ний өдрийг  дэлхий нийтээр  Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Анх 1886 оны тавугаар сарын 1-нд АНУ, Канадын үйлдвэрүүд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байжээ.

Энэ өдрөөс хойш 134 жилийн дараа 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарлаж буйгаа мэдэгдсэн юм.  

Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд ажлын байран дээрээ “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг өнөөдөр өглөө 9:30-10:15 цагийн хооронд зарлаж оролцох юм.Өнөөдрийн жагсаалын зорилго нь:

Төр хувийн хэвшил эдийн засгийн хямралыг ХАМТЫН ХҮЧЭЭР ДАВАХ

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ТҮР ХОРОО ЯАРАЛТАЙ БАЙГУУЛАХ

Хувийн хэвшил, ААН, мэргэжлийн холбоод ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ

Мөн МҮХАҮТ-аас дэвшүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг 2020 оны сонгуульд нэр дэвшихээ зарласан бүх намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарт хүргүүлнэ.  Энэхүү саналыг намууд мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлбэл 2025 он гэхэд Монгол Улсын эдийн засаг хоёр дахин өсөх боломжтойг тооцоо судалгаагаар уг саналд тусгаад байна. Одоогоор цахим жагсаалд МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 500 гаруй аж ахуйн нэгж оролцож буй аж. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн