“Малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20000 төгрөгийн урамшуулал олгоно”

 “Малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20000 төгрөгийн урамшуулал олгоно”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Б.Элдэв-Очир нар өнөөдөр /2020.04.29/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлэх төслийг санаачилжээ. Тэрхүү төслийг нь Засгийн газраас дэмжихээ илэрхийлсэн байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Та бүхэн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа байх. Салбар яам нь нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж зарласан. Үйлдвэрлэгчид болон малчдын дунд ойлгомжгүй байдал үүссэн. Малчид хүлээлтийн байдалтай байна. Тиймээс энэ бүхнийг ойлгмжтой болгох хэрэгтэй. Түүнчлэн 300 тэрбум төгрөгөөр ноолуур худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжлээ гэхэд 30 хувийг нь авч байна. Үлдсэн 70 хувь нь яах вэ гэдэг нь бас тодорхойгүй. Тэгэхээр малчдын тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно. Энэ нь малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Энэ бол аль аль талдаа амьдралд ойрхон, малчдын орлогыг дэмжих зөв хувилбар гэж гаргаж ирлээ” хэмээн тодотголоо.

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Аж ахуйн нэгжүүд хүнд нөхцөлд өөрсдийн бололцоогоо дайчилсан ч гэсэн 300 тэрбум төгрөгийг гар дээрээ авах нь эргэлзээтэй. Тиймээс үлдэгдэл 70 хувь дээрээ ч яах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Сая дурдагдсан 20 мянган төгрөг бол бодитой зүйл шүү. Сангийн яам судалгаа хийсэн. Жилд 200 тэрбум төгрөг хэрэгтэй гэх судалгаа гарсан. Үүнийг Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн” гэх мэдээллийг өглөө. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн