БАЙНГЫН ХОРОО: Ялтан шилжүүлэхийг зохицуулсан гэрээг 12 улстай байгуулжээ

 БАЙНГЫН ХОРОО: Ялтан шилжүүлэхийг зохицуулсан гэрээг 12 улстай байгуулжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаан 11 цаг 43 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, найман асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус маргааныг хянан шийдвэрлэсэн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан оролцсон бөгөөд тэрбээр энэ талаар товч танилцуулга хийв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгээр Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар олгогдсон “сонгогдох” эрхээ мөн зүйлийн 10 дахь заалтаар олгогдсон эрхээрээ баталгаажуулан, улс төрийн нам байгуулах эрхийнхээ дагуу Улсын Их Хурлын гишүүдийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хязгаарлуулж байгаа нь Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчин, Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хязгаарлах замаар иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгогдох” эрхийг зөрчиж байна хэмээн нэр бүхий иргэд мэдээлэл гаргасан байна. Үндсэн хуулийн цэц 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцээд эдгээр заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон, тус заалтуудыг түдгэлзүүлэхээр 2020 оны 02 дугаар дүгнэлт гаргажээ.

Л.Энх-Амгалан гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нь тодруулга хийж, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог бөгөөд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурал яаралтай авч хэлэлцэх шаардлагатай. Эс бол бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр гаргаж буй цэцийн шийдвэрүүд нь хууль ёсны эсэх асуудал хөндөгдөж байна гэдэг байр суурийг Ц.Нямдорж гишүүн илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, цэцийн дүгнэлтийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс тайлбар, мэдээлэл авдаг байх зохицуулалтыг холбогдох хуульд тусгах шаардлагатай гэлээ.

Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлттэй холбогдуулан санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилсэн.

            Төслүүдийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар сонгуулийн үеийн нөхцөл байдлыг эдгээр төслүүдтэй уялдуулах шаардлагын талаар тайлбарлаж, санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, хэдийгээр цар тахлын үеийн нөхцөл байдал үүсээд байгаа ч байгалийн гамшиг тохиолдсон үед хүмүүс нийлээд гамшгийн эрсдлийг бууруулахаар ажиллах шаардлага үүссэн талаарх тодорхой жишээ дурдаад “Хууль хүчний байгууллагынхан цар тахлын үеийн дэглэмтэй холбогдуулан торгууль шийтгэл ногдуулсан байна. Тиймээс энэ мэт нөхцөл байдлын талаарх зохицуулалтыг төсөлд тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ. Мөн тэрбээр гадаад улс орноос Монгол Улс руу ирэх хүсэлтэй байгаа иргэдийн нөхцөл байдал, тэдгээрийг эх оронд нь ирүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулж шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

Ялтан шилжүүлэх асуудал нь олон улсын хоёр талт болон олон талт гэрээний үндсэн дээр үр дүнтэй хэрэгждэг практик олон улсад тогтсон байдаг. Манай улс Орос, Турк, Польш, Куба, Канад, Солонгос, Энэтхэг, Хятад, Казахстан, БНХАУ-ын ЗЗОБ Хонконг, БНХАУ-ын ЗЗОБ Макао, Вьетнам зэрэг 12 оронтой ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт гэрээ байгуулаад байна. Мөн Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид манай улс нэгдэн орсон. Монгол Улс Ялтан шилжүүлэх тухай 1983 оны Страсбургийн конвенцид 2015 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар тус конвенцид Европын Холбооны 46 гишүүн улсаас гадна уг холбооны гишүүн бус 20 улс нэгдэж орсон байна. Уг конвенцийн хүрээнд ОХУ-аас 1, Япон Улсаас 1 Монгол Улсын иргэнийг тус тус шилжүүлэн авах ажиллагааг хийж, БНСловак Улсаас 1 иргэнийг шилжүүлэн авсан.

Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй аливаа улстай ялтан шилжүүлэх асуудлыг харилцан адил байх зарчимд үндэслэн дипломат шугамаар дамжуулан тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд зарим улс ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд ялтан шилжүүлэхээс татгалздаг (тухайлбал: Америкийн Нэгдсэн Улс). Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улсууд багтсан байна. Тус конвенц 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгасан байна.

Иймд энэхүү конвенцийн гишүүн улсуудтай гадаадад хорих ял эдэлж буй иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Монгол Улс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид нэгдэн орох шаардлагатай хэмээн үзжээ. Тус конвенцид аливаа улс нэгдэн ороход нээлттэй. Монгол Улс энэхүү конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгалуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.

Энэхүү конвенцид нэгдэн орсноор Монгол Улс бусад улстай байгуулсан хоёр талт болон бусад олон талт гэрээ, хэлэлцээрийн үйлчлэл түүнчлэн шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй гэдгийг Ц.Нямдорж сайд төслийн танилцуулгын үеэр дурдав.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан энэхүү конвенцид нэгдэн орсон 21 улсад манай улсын хэчнээн иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа, ял эдлэх магадлалтай байгааг тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил тодруулсан. Мөн эдгээр улс орнуудаас манай улсад ял эдэлж буй хэчнээн иргэн байгаа талаарх мэдээллийг лавлав. “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ид Америк, Латин-Америкийн 16 улс, түүнчлэн Энэтхэг, Казахстан, Саудын Араб, Чех, Словак зэрэг улс нэгдэн орсон байдаг байна. 2020 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын 3 иргэн АНУ-д, 6 иргэн БНКУ-д, 1 иргэн БНЧУ-д хорих ял эдэлж байгаа бол манай улсын 15 иргэн АНУ-д, 2 иргэн БНЧУ-д гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байна. Харин АНУ-ын 1 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол тус улсын 1, Канад Улсын 1, БНКУ-ын 1 иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хэмээн ажлын хэсгээс хариулт өгөв. Монгол Улсын иргэдийн олноор зорчдог улс орнуудтай дээрх конвецийн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж буйгаараа чухал ач холбогдолтой гэв. Манай улсын зүгээс энэ төрлийн гэрээг АНУ болон тус тивийн улс орнуудтай байгуулах чиглэлээр удаан хугацаанд ажиллаж ирсэн гэдгийг салбарын сайд онцолж байв.

Төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 75 хувь нь “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлахыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Засгийн газраас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 161-д “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх хугацаа, иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, хүсэлтийг буцаах үндэслэл зэрэг асуудлаар журам батлах эрхийг эрх бүхий этгээдэд олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасан болон Хууль тогтоомжийн тухай хуульд Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулахаар тус тус заасны дагуу үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг харгалзан боловсруулжээ.

Дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох, зарим улс оронд виз мэдүүлгийн төв байгуулж, үүгээр дамжуулан визийн материалыг хүлээж авахтай холбоотой харилцааг хуульчлахаар төсөлд тусгажээ. Визийн төвийн байгуулах, ажиллах журмыг Засгийн газар, байрлах улс, хотыг Гадаадын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн холбогдох шаардлага хангасан гадаадын зарим орны, жуулчлах зорилготой “зарим улсын харьяат иргэд” нь Монгол Улсын шаардлага хангасан аялал жуулчлалын байгууллагын (туроператор) шугамаар ирж буй тохиолдолд жуулчин ангиллын, 14 хүртэл хоногийн хугацаатай, нэг удаагийн визийг хилийн боомт дээр олгож болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн Монгол Улсын визний ангилалыг хуулиар тогтоодог байсныг өөрчилж, Засгийн газар уян хатан байдлаар тогтоодог байхаар төсөлд тусгасан байна. Визийн нөхцөл уян хатан болж байгаатай зэрэгцүүлэн үндэсний аюулгүй байдлын хангах, гадаадын иргэдэд тавих хяналтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүй зөвлөлийн тогтоолоор гишүүн орнуудад зорчигчийн урьдчилсан мэдээллийг (API) хүлээн авах, анализ хийх, холбогдох төрийн болон олон улсын мэдээллийн сангийн бүрэн ашиглах, арилжааны агаарын тээвэр ашиглаж буй гадаадын террористуудын талаарх мэдээллийг олон улс хооронд солилцож байхаар заасны хэрэгжүүлэх зорилгоор агаарын тээврийн зорчигчийн мэдээллийг урьдчилан хүлээн авч, төрийн эрх бүхий байгууллагууд мэдээлэл солилцон, анализ хийх замаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх тогтолцооны эрх зүйн үндсийг холбогдох хууль нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусгасан болохыг Ц.Нямдорж сайд танилцуулсан.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авлаа. Төсөл дэх “хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцсан ажилтанг томилж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах” гэсэн заалтын талаар асуулаа. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцах Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтныг томилж, чөлөөлөх асуудлын талаарх зохицуулалт гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарлав. Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам батлах нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх ба бүртгэлийг УБЕГ хийх эсэхийг Ц.Мөнх-оргил гишүүн мөн лавлав. Визний хугацааны, цагаач иргэдийн, түр оршин суугчдын гэх зэрэг гадаад улсын иргэдтэй холбоотой энэ төрлийн бүртгэлийг УБЕГ хийх боломжгүй гэдгийг салбарын сайд хэлсэн. Визний ангиллын талаарх Х.Нямбаатар гишүүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа, одоо мөрдөгдөж буй хуульд дипломат, албан, энгийн гэсэн визний ангилал бий гэлээ. Төсөлд тусгагдсан нэмэлт, өөрчлөлтөөр энгийн визийг олгох асуудлыг хариуцах Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт ажиллахаар тусгаад байгаа гэв. Ингэхдээ бүх Дипломат төлөөлөгчийн газарт биш, зөвхөн шаардлагатай газруудад ажиллах бөгөөд холбогдох яамдын сайд нар харилцан тохиролцож, шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Харин албан болон дипломат визийг Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан хариуцаж олгоно. Ингэснээр ачааллыг багасгах, виз олголтын нэгдсэн системтэй болох ач холбогдолтой гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тайлбарласан.

Виз олголтыг цахимжуулж байгаа, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх замаар аялал жуулчлалыг дэмжиж буйг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь дэмжиж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн визний асуудал хариуцсан тусдаа мэргэжилтнүүд байлгах нь зөв эсэхийг, зарим тохиолдолд Монгол Улсын визийг хөнгөвчилсөн, түргэвчилсэн нөхцөлөөр олгох боломж бий эсэхийг асууж, хариулт авсан. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Гадаад харилцааны яам буюу Элчин сайдын яамд зөвхөн 30 хүртэлх хоногийн хүчинтэй хугацаатай визийг олгодог болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбарлалаа. 30 хоногоос дээш хугацаатай визийг Гадаадын иргэн, харьяатын газрын зөвшөөрлөөр Элчин сайдын яамд олгодог байна. Манай улсын виз олгосон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хүчинтэй байдгийг сунгах нь зүйтэй хэмээн үзэж зургаан сар болгох зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ. Түүнчлэн визийн үйлчилгээний ачаалал жил бүр 15-20 хувиар, виз олголт жил бүр 20 орчим хувиар өсч байгаа гэв. 2019 онд Монгол Улсад нэвтрэх 259.000 виз олгожээ. Иймээс дипломат ажилтнуудын ачааллыг зохицуулах үүднээс виз олголтын техник ажлыг гүйцэтгэдэг төвүүдийг гадаад улс орнуудад байгуулах зохицуулалтыг төсөлд тусгаад байгааг тэрбээр тайлбарласан. Өнөөдрийг байдлаар 150 орчим улс виз мэдүүлэх техник ажлыг визийн төвөөр дамжуулан гүйцэтгүүлж байгаа, дэлхий хэмжээнд 1500 гаруй визийн төв үйл ажиллагаа явуулдаг байна. Монгол Улс туршилтын журмаар Сөүл хотноо энэ төрлийн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа гэв. Төслөөр мөн Монгол Улсад оршин суух гадаад иргэдийн оршин суух хугацааг уртасгаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, визний асуудлыг Гадаад харилцааны яамнаас салгах талаар санал хэллээ. Ийнхүү гишүүд асуул асууж хариулт авсан ба төслийн хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор Ц.Мөнх-оргил үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын гадаад бодлого нэг цонхоор, нэг зарчмаар явагдах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд ажлын хэсэгт ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь Элчин сайдын яамдын ажилнууд нэг яамандаа харъяалагдах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Дараа нь Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчинг шүүхийн багц хуулийн шинэчлэлээр бүрдүүлэх зорилго дэвшүүлж төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт үзэл санаа, зорилгынхоо дагуу хэрэгжих нөхцөл бүрдэж, шүүх буюу шүүгч зөвхөн хэрэг, маргааныг шүүн таслах ажлаа хийх, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгынхоо хүрээнд шүүхийн үйл ажиллагаа явуулах нөхцөл, төсөв санхүү, хүний нөөц, сургалт, судалгаа зэрэг захиргаа, аж ахуйн ажлыг бүрэн хариуцах, албан үүрэгтээ хайнга хандсан, аливаа нөлөөлөлд автсан, шударга бус, ёс зүйгүй авир, үйлдэл гаргасан шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хорооны үр дүнтэй тогтолцоо бий болох, шүүгчийг хуульчдаас шилж олох, хараат бус байдлыг нь хангах, хариуцлага тооцох үйл ажиллагаанд мэргэжлийн холбооны болон олон нийтийн хяналт, оролцоо хангагдах зэрэг эерэг үр дүн гарна хэмээн үзсэн байна.

Түүнчлэн шүүхийг тойргийн зарчмаар байгуулах үндэслэл, журам, шалгуур тодорхой болох, Улсын дээд шүүх Үндсэн хуульд заасан хууль тайлбарлах бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох, шүүхийн төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлснээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал хамгаалагдах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцооны үр дүн дээшлэх, улмаар иргэний шүүх эрх мэдэлд итгэх итгэл сэргэж, шударга шүүхээр шүүлгэх Монгол Улсын иргэний үндсэн эрх хангагдана гэж үзсэн гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Дараа нь Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн 6 дахь хэсгийг нэмсэнээр шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тогтолцоонд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Иймд шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулж буй хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчийн мэдлэг, чадварт эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр хөндлөнгийн үнэлгээ хийж, мэргэжлийн хөгжлийг нь дэмжих тогтолцоо бүрдүүлэх, шүүгчийн мэргэжлийн алдаа, зөрчлийг ёс зүйн болон сахилгын зөрчлөөс ялгах, ёс зүйн болон сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг бүх гишүүд нь орон тооны зарчмаар ажилладаг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулах зорилгын хүрээнд мөрдөгдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сахилгын хорооны эрх зүйн байдлыг анхдагч хууль хэлбэрээр боловсруулахаар заасан Улсын Их Хурлын тогтоолын шаардлагатай нэгтгэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт Нийтлэг үндэслэл буюу нэр томьёоны тодорхойлолт болон бусад асуудлыг дэлгэрүүлж тусгажээ. Хоёрдугаар бүлэгт шүүгчид тавих болзол, шаардлага, Гуравдугаар бүлэгт шүүгчийг сонгон шалгаруулах, томилох болон шүүгчийг мэргэшүүлэх, Дөрөвдүгээр бүлэгт шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл журам, Тавдугаар бүлэгт шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, Зургадугаар бүлэгт шүүгчид хориглох зүйл, иргэний эрхэд тавих хязгаарлалт, ашиг сонирхлын зохицуулалт, хариуцлага, хариуцлага хүлээлгэх ажиллагаанд баримтлах зарчмын асуудлыг тус тус тусгасан байна. Долдугаар бүлэгт Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, хорооны дарга, гишүүдийн эрх, үүрэг, үйл ажиллагааны ерөнхий нөхцөл, Наймдугаар бүлэгт Шүүхийн сахилгын хороонд гомдол, мэдээлэл гаргах, бүртгэх, шилжүүлэх, Есдүгээр бүлэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, тэдгээрийн эрх, үүрэг, Аравдугаар бүлэгт сахилгын хэрэг үүсгэсэн хорооны гишүүний явуулах ажиллагаа, сахилын хэргийг хянан шийдвэрлэх хугацаа, Арван нэгдүгээр бүлэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны нийтлэг журам, Арван хоёрдугаар бүлэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны дэг, шийдвэр, Арван гуравдугаар бүлэгт давж заалдах гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх ажиллагаа, Арван дөрөвдүгээр бүлэгт сахилгын хорооны нийт гишүүдийн хуралдаантай холбоотой асуудлыг тус тус тусгасан болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт үзэл санаа, зорилгынхоо дагуу хэрэгжих нөхцөл бүрдэж, шүүгч хараат бусаар хариуцлагатай ажиллах эрх зүйн орчин улам боловсронгуй болно. Түүнчлэн шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэж, шүүх эрх мэдлийн бие даасан байдлын баталгаа бэхжин, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийн хууль зүйн баталгаа бүрэн гүйцэд хангагдана гэж төсөл санаачлагч үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй хэмээн санал өгсөн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуралдааны төгсгөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Нэгдүгээр бүлэгт хуулийн нэр томьёоны тодорхойлолт, үйлчлэх хүрээ, Хуульчийн эрхэмлэх зүйл, ерөнхий үүрэг, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тусгасан байна. Хоёрдугаар бүлэгт мэргэжлийн дадлага болон хуульчийн мэргэжлийн шалгалт авах журамтай холбогдсон бусад асуудлыг дэлгэрэнгүй тусгажээ. Түүнчлэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам болон тухайн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон бусад асуудлыг дэлгэрэнгүй тусгасан гэлээ. Дөрөвдүгээр бүлэгт хуульчийн эрхлэх мэргэжлийн үйл ажиллагаа түүний дүрэм, хуульчийн тангараг, эрх, үүрэг, хориглох зүйл, үйл ажиллагааны нууцтай холбоотой асуудлыг тусгажээ. Тавдугаар бүлэгт Хуульчдын холбоо, түүний гишүүнчлэл, чиг үүрэг, Хуульчдын их хурал, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Хуульчдын холбооны зөвлөл, Хуульчдын холбооны хороод, Тамгын газар, Хяналтын зөвлөлийн эрх хэмжээ болон Хуульчдын холбооны зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон асуудлыг тусгана. Мөн энэ бүлэгт Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн мэргэшлийн хороонд нэр дэвшүүлэх, санал болгохтой холбогдсон харилцааг Үндсэн хууль болон шүүхийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн нарийвчлан зохицуулсан болохыг Ө.Шижир дарга танилцуулсан.

Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүй, хариуцлагын асуудал эрхэлсэн хороо, түүний бүрэн эрх, хуульчид холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, дүгнэлт гаргах, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг мэдэгдэх, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг төслийн зургадугаар бүлэгт нарийвчлан тусгасан байна. Долдугаар бүлэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих болон хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын асуудлыг тусгажээ.

Хуульчийн эрх зүйн байдалтай холбогдсон хууль боловсронгуй болж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үйл ажиллагаанд олон нийтийн буюу хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн хяналт, оролцоо бүрэн хангагдаж, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” үндсэн чиглэлийн хүрээнд хийгдсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нэг мөр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн