Ө.Энхтүвшин: АНУ руу нислэг үйлдэж, иргэдээ авчрах боломжгүй

 Ө.Энхтүвшин: АНУ руу нислэг үйлдэж, иргэдээ авчрах боломжгүй

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаан 10:00 цагт эхэлсэн бөгөөд цар тахлын үеийн хорио, цээрийг сунгах болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл өглөө.  

Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Долоо дахь эрсдэлийн үнэлгээг хийлээ. Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугасарын 31-ний өдрийг дуустал гаргах шийдвэрийг гаргаж байна. Энэ хугацаанд нислэгийг хязгаарласан хугацааг сунгаж байна. Монгол Улсын иргэдийг гурван боомтоор л хүлээж авна. Гаднын орны иргэдийг авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн холбоод, танхимын сургалтын үйл ажилллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг яриад энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцуулна. Монгол иргэдээ авч ирэх ажлыг үргэлжүүлнэ. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн “Гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн иргэдийн тоо байнга нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 9890 хүн хүсэлтээ ирүүлсэн байна. Иргэдээ татан авч ирж байна. Нислэг, авто зам, галт тэргээр татан авч ирж байна. Нийт 190 мянган Монгол иргэн байгаа болохоор эхний ээлжид гэдэг шалгуурыг тавьсан. Тухайлбал, гадаадад эмчлүүлэх гэж явсан, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүн, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхний ээлжид татаж авч байна. Ялангуяа БНСУ руу олон ч нислэг үйлдлээ. Цаашид ч хийх гэж байна. Яг энэ шалгуураа л тавина. Иргэд янз бүрийн суулт хийгээд нэмэргүй. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоцны тоо нэмэгдэхгүй. АНУ руу нислэг хийх бололцоо байхгүй. Байнгын нислэг хийдэг орон руугаа л нислэг хийнэ. Нислэг хийдэггүй улс, орон руу нислэг хийх боломжгүй. Хэрэв нэг л нислэг хийдэггүй орон руу иргэдээ татаж авах нислэгийг зохион байгуулах юм бол 57 орон руу нисэх хэрэг болно. Би байнгын нислэг хийдэггүй орон руу нислэг хийнэ гэж амалж чадахгүй, худлаа ярьж чадахгүй” гэх мэдээллийг өглөө. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн