БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

 БНХАУ эмнэлгийн мэргэжилтнүүдээ Пёньян руу илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байгаа энэ цагт БНХАУ төлөөлөгчдөө Пёньян руу илгээжээ. Хятадын Коммунист намын Олон улсын харилцаа холбооны газрын албаныхан Пүрэв гаригт /2020.04.23/ Хойд Солонгост айлчилсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд багтсан аж. Тус газар нь хөрш Хойд Солонгостой харилцааны асуудлыг хариуцдаг Хятадын гол газар аж.

Сөүлд төвтэй “Daily NK” вэбсайтад мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч энэ дөрөвдүгээр сарын 12-нд зүрхний мэс засалд орсон талаар мэдээлснээс хойш Ким Жон Уны эрүүл мэндтэй янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Өмнөд Солонгос болон Хятадын албаныхны зүгээс Ким Жон Уны биеийн байдлыг тодруулахаар ажиллаж байгаа ч Пёньянаас ямар нэгэн хариу өгөөгүй аж. Дэлхийн хамгийн хаагдмал улс Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн асуудал төрийн нууцад хамаарах тул Ким Жон Уны биеийн байдлыг тодруулах нь амаргүй гэдэг нь ойлгомжтой.

Ким Жон Ун сүүлд дөрөвдүгээр сарын 11-нд албаны уулзалтад оролцсон гэж төрийн мэдээллийн агентлагт мэдээлсэн. Гэвч тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд болдог Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрийн өдрийн арга хэмжээг алгассан юм.

Өдгөө 36 настай Ким Жон Ун өмнө нь 2014 онд хэсэг хугацаанд олны нүднээс далд байсныхаа дараа гарч ирэхдээ бага зэрэг доголж байсан. Архаг тамхичин, жингийн илүүдэлтэй гэдгээсээ болж Ким Жон Ун зүрхний өвчнөөр шаналдаг байна.

Өмнө нь 2008 онд Ким Жон Уны эцэг Ким Жон Иль тархинд цус харвах үед Хятад, Францын эмч нар эмчилгээнд оролцож байсныг хожим мэдээлсэн. Ким Жон Иль нь 2011 онд зүрхний шигдээсээр нас барсан билээ.

Эх сурвалж: The Telegraph, Bloomberg

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.