Ч.Улаан: Энэ жил 2240 тонн ноолуур худалдаж авна

 Ч.Улаан: Энэ жил 2240 тонн ноолуур худалдаж авна

УИХ-ын өнөөдрийн /2020:04:24/ үдээс хойшх чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.УЛААН хариуллаа.


Түүний хариуг БҮРЭН ЭХЭЭР НЬ хүргэж байна.  

-Танаас 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр ирүүлсэн асуулгын хариуг асуудал тус бүрээр нь шинэчлэн танилцуулж байна. Нэг. Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Ноолуур бол Монгол Улсын стратегийн чухал бүтээгдэхүүн болохыг төрийн бодлогод тодорхойлсон байдаг. Ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадал 2017 онтой харьцуулахад төрөл, шат бүрт 16-60 хүртэл хувиар өсөж, нийтдээ 1600 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2019 онд 434.7 сая ам.долларт хүрч, 2018 онтой харьцуулахад 6.0 хувиар, 2017 онтой харьцуулахад 29.8 хувиар тус тус өссөн байна. 2019 оны нийт экспортод угаасан ноолуур 65.2 хувийг, самнасан ноолуур 10.4 хувийг эзэлж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А-105 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу “Ноолуур” хөтөлбөрт тусгагдсан ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан боловсруулаад байна. Тус техникийн зохицуулалтын төслийг Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, яамд болон холбогдох газруудаас санал авч, боловсруулсан бөгөөд дэлхий дахинд үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх болно.

“Ноолуур” хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ноолуурын үйлдвэрийг гурван жил тутамд аттестатчилах замаар шаардлагатай техник, технологийг шинэчлэх, үйлдвэрийг өргөтгөх” зорилтын хүрээнд ноос, ноолуурын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 2019 оны дөрөвдүгээр улиралд аттестатчилал явуулж, нийт 140 үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдсан байна.

“Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшдэг “Монголын хаан ширхэгт” “ноос, ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг үйлдвэрлэгчдэд олгох, сурталчлан таниулах үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр Монголын ноос, ноолуурын холбоотой 2018 оны аравдугаар сард гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүнийг баталгаажуулах баталгаажуулалтын албыг бий болгох, баталгаажуулалт хийхтэй холбогдох дүрэм, журам болон бусад баримт бичгүүдийг боловсруулах,  Монголын хаан ширхэгт нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний стандартыг шинээр боловсруулж, батлуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Мөн 350 гаруй төлөөлөгчид, үүний дотор 17 улсын төлөөлөл оролцсон “Монголын Хаан Ширхэгт” ноолуурын олон улсын форумыг анх удаа Монгол Улсад зохион байгууллаа.

Хоёр. Түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, малчид, малчдын хоршоодод зориулсан түүхий эд бэлтгэлийг хэрхэн оновчтой зохион байгуулах, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр арилжаалахад малчид үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар: 

Малчдын хоршоодод суурилан түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зорилгоор Загвар хоршооны ТЭЗҮ-г хоршоодын мэргэжлийн холбоод болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн “Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг тогтоох тухай” 47 дугаар тогтоол батлагдсан ба тус тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн биржийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж эхлээд байна.

Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Блокчэйн технологийг 2019 оны арванхоёрдугаар сард нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү технологи нь ашиглалтад орсноор биржийн арилжаанд оролцогч хоршоо болон байнгын гишүүн брокерын компаниуд нь цахим орчинд хүссэн газраасаа арилжаа, төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдэж байна. Тус системийг нэвтрүүлснээр зах зээлд оролцогчдын хүрээ тэлж, малчин өрх бүхий хоршоо, бусад гаднын орны биржүүдтэй шууд холбогдох боломжтой болно.

Гурав. Аж ахуй нэгжид олгосон эргэлтийн хөрөнгийн зээл, түүний хэрэгжилт болон энэ жил үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх талаар:

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2018, 2019 онд давхардсан тоогоор 38 аж ахуйн нэгжид нийт 296.36 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Ноолуурын үйлдвэрүүдэд 2016 оноос хойш олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, үүнээс 2019 оны зээлийн үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэрүүд эдийн засаг санхүүгийн маш хүнд байдалд орсон байгааг харуулж байна.

Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 18-нд “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус тогтоол нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан ба шинэ төрлийн Корона вирусийн (Covid -19) халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед малчид болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн аль, алинд нь үүсэх эрсдэлийг бууруулах,  ноолуурын салбарыг дэмжих зорилготой бодлогын зээл олгохоор шийдвэрлэн зохион байгуулж байна.

Ноолууран түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эд худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох ба зээлийн хүүгийн  хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар (Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам)-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн байдлаар яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 8 үйлдвэр, аж ахуйн нэгж ноолуур бэлтгэж эхлээд байна.

Эдгээр  үйлдвэр, аж ахуйн нэгж нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудаас нийтдээ 2240 тн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна.  Ноолуур бэлтгэлийг аймаг, сумдын хүнс, хөдөө аж ахуйн албад, малчид, бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн