Ө.Энхтүвшин: Хөл хориог сунгавал сонгуулийн сурталчилгааг яаж явуулах нь тодорхой бус байна

 Ө.Энхтүвшин: Хөл хориог сунгавал сонгуулийн сурталчилгааг яаж явуулах нь тодорхой бус байна

УИХ- ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Энэ хуулийг дэмжиж байна. УОК, Засгийн газар ажлаа шуурхай явуулахад чухал хууль. Хоёрдугаарт, иргэдээ гадаадаас татаж авах талаар гишүүд  нэлээд ярьж байна. Засгийн газар, УОК иргэдээ гадаадаас татан авч байгаа. Саяхан 280 иргэнээ ОХУ-аас татаж авсан. Мөн БНХАУ-аас 50 гаруй иргэнээ татаж авлаа. Энэ сарын 30-нд дараагийн тусгай үүргийн нислэг хийгдэж, БНСУ-д гуравдагч орнуудаас дамжин ирж байгаа иргэдээ татаж авна. Мөн тавдугаар сарын 2-нд Европ руу чартер нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Ийм нөхцөлд оруулж  ирсэн энэ хуулиа барих юм уу, эсвэл жишээ нь  Сонгуулийн хуулиа барих юм уу. Тухайлбал Сонгуулийн хуульд бүх зүйл цаг хугацаатай. Намууд нэр дэвшигчдээ тодруулах ажил тавдугаар сарын 10-наас эхэлнэ. Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдал сунгагдвал  цаашид яах вэ гэдэг асуудал гарна. Аль хуулиа барих вэ. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм рүү шилжвэл мөн яах вэ. Энэ тохиолдолд нэр дэвшүүлэх ажил яаж явагдах вэ. Саналаа яаж нууцаар явуулах вэ. 801 хүний гарын үсэг цуглуулж сонгуульд нэр дэвших эрхтэй бие даагч нар мөн яах вэ. Эсвэл энэ хуулиараа тухай бүртээ Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад явах юм уу. Мөн хөл хорионы хугацаа сунгагдвал сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулах вэ. Хэдэн хүнийг нийтийг хамарсан гэж үзэх вэ.

Тусгаарлах байранд маш олон хүн байгаа. Тэдний сонгуулийн саналыг яаж авах вэ гэх мэт олон асуулт гарна. Хэрэв сонгуулийн сурталчилгааны үеэр 10 хүнээс илүүгүй хүнийг нэг дор цуглуулахгүй гэж үзвэл телевизүүдийн цагийг нэмэх зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болно. Тийм учраас энэ хуулийн Сонгуулийн тухай хуулийн заалттай сайтар уялдуулах шаардлага байна.

Түүнчлэн ажлын цагийг хязгаарлах, зайнаас ажлаа хийх, бага насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах зэрэг  өнөөгийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг энэ хуульдаа тодорхой тусгаад өгвөл сайн байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн