Д.Сарангэрэл: Дахин 415 амьсгалын аппарат авна

 Д.Сарангэрэл: Дахин 415 амьсгалын аппарат авна

Д.САРАНГЭРЭЛ: ДАХИН 415 АМЬСГАЛЫН АППАРАТ АВНА

Пүрэв гаригийн цахим чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.1.Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;2.Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;3.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;4.Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;5.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;6.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;7.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;8.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;9.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;10.Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;11.Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга  Ж.Ганбаатар: НӨАТ-ыг чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудалд орж ирсэн. НӨАТ-ыг чөлөөлснөөр падаан бичдэг байгууллагууд бичихгүй болно. НӨАТ-аас чөлөөлөгдсөн ААН-үүдийн өмнөөс байгууллагууд НӨАТ төлдөг. Засгийн газраас энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа бол падааныг нь ААН, иргэдэд өгөх боломжоор хангахгүй юм уу. Энэ талаар би хэдэнтээ асууж байгаа. НӨАТ төлдөггүй байгууллагуудын тоо ч нэмэгдэж байна. нэгэнт л НӨАТ-ыг чөлөөлж байгаа бол жижиг ААН-үүд,  иргэдэд очих дарамтаас ч гэсэн ч чөлөөлөх шаардлагатай.  Энэ асуудалд анхаарч өгөөч.

Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлооМонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Энэ төслийг шуурхай яаралтай хэлэлцэх нь чухал. Өнөөдөр дэлхийн олон оронд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Манай улс эрсдэлийн өндөр түвшинд хэвээрээ байгаа. ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байна. манайд гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх нөхцөл байдал улам үүсч байна. Эмнэлгүүдийг бэлэн байдалд хангаж, тоног төхөөрөмж, амьсгалын аппаратуудыг яаралтай худалдаж авах шаардлагатай. Энэ үүднээс хуулийн төслийг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хоёр ч хэлэлцээрийг байгуулна гэж ойлголоо. Аль аль хэлэлцээр нь  коронавирусийн халдварыг даван туулахад бага хүүтэй зээлийг олгох юм байна. Хэдэн амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас  худалдан авах вэ, нэг аппарат нь хэдэн төгрөгийн үнэ ханштай талаар мэдээлэл өгөөч.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

АХБ-ний 300 сая ам.долларын зээл. Энэ нь дотроо гурван хэсэгтэй. Эхнийх нь 200-250 сая ам.долларын төсвийн дэмжлэг авч байгаа зээл. Хүү лайбер дээр нэмэх нь 0.5 хувь. Хоёр дахь хэсэг нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг  яаралтай худалдан авахад зориулсан 30 сая ам.доллар. Хүү нь нэг хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай. Эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл. Коронавирус гарч эхэлснээс хойш энэ зээлийн хэлэлцээ эхэлсэн.

Гуравдах  ээл нь 100 сая ам.долларынх. Манай улсын эрчим хүчний балансыг хангахад чиглэгдсэн ийм зээл. Цахилгаан хураагуурын энэ зээлийг сүүлийн нэг жилийн хугацаанд яригдсан хэлэлцээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Нэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбааатар шуурхай санаачилгатай ажиллаж зохих арга хэмжээнүүдийг авч байгаа. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд  дахин 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн