ЭМЯ: Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ

 ЭМЯ: Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.22/ коронавирусийн цар тахлын талаарх дэлхий дахин болон дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд дэлхийн дахинд коронавирусийн халдварын талаар мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5242-оор нэмэгдэж, 53 мянга болж, 51 хүн нас барсан байна. Мөн Буриадад 163, Эрхүүд 168 тохиолдол бүртгэгджээ. Бүх бүртгэгдсэн 3000 гаруй тохиолдол нь Москва хотод бүртгэгдсэн учраас өнөөдрөөс тус хотод шинэ дэглэм тогтоож эхэлжээ.

Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ.

Манай улсад 24 цагийн утсанд 246 дуудлага ирсэн бөгөөд ОХУ, Ирландаас холбогдож мэдээлэл авсан байна. Утасны гол дуудлага нь коронавирусийн урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүд гадаа олноороо тоглох, маск зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа гэв. ДЭМБ-аас цар тахал бидний өмнө байгаа учраас дэлхий даяар хамтран ажиллахгүй бол биднийг хамгийн хүнд үе хүлээж байгааг анхааруулсан байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийж байна. Ингээд 25 шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн  коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дах тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн